Боловсролын байгууллагын үе шатаас хамаарч, нэг ангид 15-25 хүүхэдтэйгээр 2020-2021 оны хичээлийн жилийг эхлүүллээ. Сургууль, цэцэрлэгүүдийн анги, танхим хүрэлцэхгүй байгаатай холбогдуулан БШУЯ-ны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын дарга Ч.Энх-Амгалан мэдээлэл хийв. Барилгын материалын импорт саатсанаас зарим өргөтгөлийн барилгын ажил удааширсан гэнэ. Тэрбээр “Хичээлийн шинэ жилээс өмнө улсын хэмжээнд 30 сургуулийн өргөтгөл, 45 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулсан. Ингэснээр сургууль, цэцэрлэгийн суудлын тоо 20 мянгаар нэмэгдсэн. Улсын төсвийн хөрөнгөөр он дамжуулан болон шинээр барьж буй сургуулийн 140, цэцэрлэгийн 171 барилгын ажил үргэлжилж байна. Он дуустал 31 сургууль, 41 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Өвлийн бэлтгэл хангах хүрээнд 104 барилга, байгууламжид засвар, үйлчилгээ хийлгэсэн. 35 сургууль, 26 цэцэрлэг, найман дотуур байрны их засвар дууссан. 14 барилгын их засвар энэ сарын 15-нд дуусах бол 17 барилгынхыг 2021 онд дамжуулна” гэв. Үүнээс гадна гадаадын зээл, тусламжаар таван сургуулийг энэ онд ашиглалтад оруулжээ. Нэмээд таван сургуулийг ирэх арваннэгдүгээр сард нээх гэнэ. Мөн АНУ-ын болон Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр цэцэрлэг, сургуулийн барилгыг өргөтгөх ажил үргэлжилж байгаа аж.