Коронавирусээс сэргийлэх хүрээнд байгууллага, хамт олныг ямар нэгэн баяр, тэмдэглэлт өдрийн арга хэмжээ зохион байгуулахыг УОК-оос хориглосон. Гэтэл “Намир” группийнхэн 20 жилийн ойгоо тэмдэглэн, 126 хүнийг хамруулжээ. Энэ үеэр олон хүн хоолонд хордсон байна. ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас энэ талаар тодруулахад “Өнгөрсөн баасан гарагт нэгэн байгууллагын ойн арга хэмжээний үеэр хүмүүс хордож, эмнэлэгт ирсэн. Нийт 126 хүн байснаас 25-д нь бөөлжиж, суулгах, халуурах зэрэг хордлогын шинж тэмдэг илэрч, 14 нь хэвтэн эмчлүүлж байна. Бусад хүний биеийн байдал хөнгөн тул гэрийн хяналтад буцаасан” гэв. ХӨСҮТ болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан хордлогын шалтгааныг тодруулахаар ажиллаж буй бөгөөд өвчний шинж тэмдгээр эхний ээлжид сальмонелийн халдвар байж болзошгүй хэмээн таамаглажээ. Уг нянгийн халдварыг бүрэн эмчлүүлэхгүй бол халдвар тээгч болж, өвчин хүндрэх эрсдэлтэй гэнэ. Ташрамд өгүүлэхэд, “Намир” группийнхэн “Эм Жи Си тур” компанийн “Брүүк” ресторанд өнгөрсөн сарын 28-ны 17.00-20.10 цагт ойгоо тэмдэглэсэн бөгөөд шинэ ногооны салат, шарсан тахианы мах, үхрийн махан стейк зэргийг идсэн байна Мөн энэ үеэр гаднаас хоёр төрлийн бялуу, архи, шар айраг, ус, ундаа оруулсныг мэргэжлийнхэн тогтоожээ. Одоогоор тус рестораны үйл ажиллагааг зогсоож, ус, хоол, хүнсний бүтээгдэхүүнээс 50 гаруй дээж авч, МХЕГ-ын төв лабораторид шинжилж байгаа аж.