Коронавирусийн халдвар авсан олон сая хүн дунд халдварынх нь талаар улсынх нь Ерөнхий сайд хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэх хүн олон байхгүй л болов уу. Харин У.Болт бол Ямайка Улсын хувьд үндэсний баялаг нь юм. Тийм ч учраас тус улсын Ерөнхий сайд Эндрю Холлнесс болон Эрүүл мэндийн сайд нь наймдугаар сарын 23- ны ням гарагт хамтарсан хурал зарлаж, домогт гүйгчийг “Ковид-19”-нийн халдвар авсныг мэдэгдэв. Одоогоор У.Болтоос халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байгаа аж.
У.Болтыг тун азгүй (хайхрамжгүй) байдлаар халдвар авсан гэж болно. Тэрбээр баасан гаргийн орой (наймдугаар сарын 21) 34 насны төрсөн өдрөө нижгэр тэмдэглэсэн аж. Дуу шуугиантай үдэшлэгээ нуух гэж тэрбээр огт оролдсонгүй, харин ч олонд зарласан байна. Төрсөн өдөр нь болсон Кингстон дахь спорт цогцолборт баяр хөөр, зугаа цэнгэл оргилдоо хүрсэн талаар тэнд цугласан одууд нийгмийн сүлжээнд тавьсан зураг, бичлэгээр олон нийтэд мэдээлэв. Үүнд дургүйцэх хүн бараг байсангүй, тэгээд ч саяхан охинтой болсон У.Болтын өмнөөс нутаг нэгтнүүд нь тунчиг баяртай байлаа.
Гэвч дараагийн долоо хоногийн эхээр У.Болт ажил хэргийн шугамаар Ямайкагаас явах байжээ. Дүрэм ёсоор тус улсаас гарахын өмнө коронавирусийн шинжилгээ өгөх ёстой бөгөөд түүний хариу харамсалтай нь эерэг гарсан байна. Ингээд өнөөх үдэшлэг дахин олны анхааралд оров. Ямайка Улсад 20-иос олон тооны хүн нэг доор цуглахыг хориглосон атал У.Болтын төрсөн өдөрт үүнээс хэд дахин олон хүн ирсэн байв. Түүнчлэн аливаа арга хэмжээнд оролцогсод амны хаалт зүүх ёстой гэсэн дүрмийг ч үдэшлэгт оролцогсод дагаж мөрдөөгүй нь зураг, бичлэгээс илэрхий боллоо.
Хамгийн гол нь У.Болт гадаадаас алдартай найзуудаа урьсан аж. Тэдний дунд “Манчестер сити” багийн Р.Стерлинг, “Байер”-ын Л.Бэйли нарын хөлбөмбөгч байжээ. Тэд Ямайкад ирээд 14 хоног тусгаарлалтад орох ёстой байсан ч мэдээж эл дүрмийг зөрчиж, ирэнгүүтээ үдэшлэгт оролцсон аж. Эдгээр шалтгааны улмаас “Болтын хэргийг” Цагдаагийн газар шалгаж эхэлжээ.
“Дүрэм журмыг бүгд дагаж мөрдөх ёстой учир бид хэн нэгэнд тусгайлан хандахгүй. Ямайкагийн бүх иргэн өдгөө вирустэй тэмцэх нийтлэг үүрэг хүлээж байгаа. Тэр тусмаа нэр хүндтэй, бусдад нөлөөтэй хүмүүс энэ үүрэгтээ бүр ухамсартай хандах ёстой” гэж тус улсын Ерөнхий сайд мэдэгдсэн байна. Мэдээжийн хэрэг У.Болт хүнд ялд унахгүй боловч их хэмжээний мөнгөн торгууль төлөх эсвэл нэр хүнд нь сэвтэх эрсдэлтэй.
У.Болтын түүх өөр нэг алдартай тамирчин болох теннисчин Н.Жоковичийн алдааг сануулж байна. Тэрбээр Белград хотод тэмцээн мөн үдэшлэг зохиосныхоо дараа коронавирусийн халдвар авсан билээ. Одоогийн байдлаар У.Болтын үдэшлэгт оролцсон хүмүүсээс халдвар авсан өөр хүн хараахан алга.
“Хэргийн эзэн” харин гадаадад хийх бүх аяллаа цуцалж, хөл хорионд орно гэдгээ мэдэгдсэн байна. Гэхдээ Олимпия охин нь дөнгөж хоёр сартай учир гэртээ байх нь ч түүнд эрсдэлтэй байж болох юм.
Ташрамд дурдахад, У.Болт охиндоо нэр өгөхдөө тун бодлоготой хандсан аж. Тэрбээр охиноо Олимпия Лайтнинг (англиар “цахилгаан” гэсэн утгатай) гэсэн нэр өгчээ. Ийнхүү “цахилгаан” хүний гэр бүлийнхэн хэсэг хугацаанд нийгмээс тусгаарлагдах ёстой боллоо.
Бэлтгэсэн: Н.Энх