Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан БШУЯ-ны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын дарга Ч.Энх-Амгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Энэ жил 30 сургууль, 45 цэцэрлэгийн барилга болон өргөтгөлийг есдүгээр сарын 01-ний байдлаар ашиглалтад оруулаад байна. Ингэснээр ЕБС-ийн суудлын тоо 14,000 орчмоор, цэцэрлэгийн орны тоо 6,000-аар нэмэгдлээ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжиж байгаа 140 ЕБС-ийн барилга, өргөтгөлийн ажил үргэлжилж байна. Мөн цэцэрлэгийн 171 барилгын ажил явагдаж байгаа бөгөөд он дуустал 31 цэцэрлэг, 41 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм.
Сургуулиудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 104 барилга байгууламжид засвар үйлчилгээ хийсэн бөгөөд дунджаар 92 хувийн биелэлттэй явж байна. Мөн 35 сургууль, 26 цэцэрлэг, найман дотуур байрны их засвар дууссан бол 14 барилгын их засвар есдүгээр сарын эхний хагаст дуусна. Харин 17 барилгын их засварын ажил 2021 хүртэл үргэлжилнэ. Энэ жил 45 цэцэрлэг, 15 сургуульд тавилга,тоног төхөөрөмж олгож, улсын хэмжээнд 3,300 багшид зөөврийн компьютер олгох ажил хийгдэж дууслаа.
Түүнчлэн гадаадын зээл тусламжаар томоохон сургуулиуд ашиглалтад орж байгаа. Тодруулбал, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хоёр, Япон улсын буцалтгүй тусламжаар гурван сургууль ашиглалтад орсон. Дахиад таван сургуулийг 10, 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн АНУ-ын цэргийн тусламж, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд цэцэрлэг, сургуулийн барилгыг өргөтгөх ажил үргэлжилж байна" гэсэн юм.