Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Коронавируст халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж, 25 сая 800,000 хүн өвчилж, 852 мянган хүн нас баржээ. Харин 17 сая гаруй хүн эдгэрсэн байна. Мөн гурав хоногийн хугацаанд өвчлөл нэг саяар нэмэгдсэн. Үүнээс үзэхэд дэлхий дахинд коронавируст халдвар буурахгүй нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа юм.
Европ, Азийн орнуудад өвчлөл дахин сэргэх магадлалтай байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 265,000 хүн халдвар авч, 5,000 гаруй хүн нас барсан байна. Мөн ОХУ-д 4,980 хүн өвчилж, 60 хүн нас барсан бол БНХАУ-д 32 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Харин Япон улсад 600 хүн шинээр халдвар авч, 14 хүн нас баржээ.
Түүнчлэн тус улсын зарим мужуудад хар салхи ойртож байгаатай холбогдуулан нутгийн захиргаанаас нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа.Тиймээс нүүлгэн шилжүүлэх явцад коронавирусний халдвар нэмэгдэх магадлалтай учир халдвараас сэргийлэхийг нутгийн эрх баригчид болон эмнэлгийн байгууллагууд анхааруулж байгаа юм. Үргэлжлүүлэн БНСУ-д 248 хүн шинээр халдвар авсан.
Харин манай улсын хувьд шинээр 301 хүн тусгаарлагдсан бөгөөд 328 хүн тусгаарлалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоогийн байдлаар 3,429 хүн тусгаарлах ажиглалтад байгаа юм. Түүнчлэн Цэргийн төв эмнэлэгт 61 хүн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна" гэлээ.
Үргэлжүүлэн тэрбээр "БНХАУ-ын судлаачид хүн бүр засгийн газраас тогтоосон коронавирусний эсрэг дүрэм журмыг дагаж мөрдөх ёстой гэж үзжээ. Мөн олон хүнийг цуглуулсан арга хэмжээ коронавируст халдварыг улам нэмнэ гэдгийг онцоллоо. Түүнчлэн Сингапур улсын эрдэмтэд ах дүү, гэр бүлийн цугларалт хийх нь коронавируст халдварыг нэмэгдүүлэх учир аль болох айлд зочлохгүй байх, гэртээ хүн урихгүй байхыг анхаарууллаа" хэмээв.