Японы Ерөнхий сайд Шинзо Абэ эрүүл мэндийн шалтгаанаар огцорсонтой холбогдуулан эрх баригч Либерал ардчилсан намын зарим улстөрч Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүгаг түүний халааг авахыг дэмжиж буйгаа илэрхийлснийг NHK телевиз уламжлав.
“Кyodo” агентлагийн мэдээлснээс үзвэл тэрбээр намын ерөнхий нарийн бичгийн дарга Тошихиро Никаид илэрхийлсэн аж. Ш.Абэ Засгийн газрын тэргүүн болсон 2012 оны арванхоёрдугаар сараас Ё.Сүга Сайд нарын танхимын ерөнхий нарын бичгийн даргаар ажиллаж буй билээ. Түүний нэр хүнд, нам доторх дэмжлэг цар тахлын үед өссөн бөгөөд хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд түүнийг Ерөнхий сайдынхаа халааг авах магадлал хамгийн өндөр хүмүүсийн нэг хэмээн үзэж байна.
Тус намын Улс төрийн зөвлөлийн дарга Кишида Фүмио, ерөнхий нарийн бичгийн дарга асан Ишиба Шигэрү, Үндэстний хэрэг эрхэлсэн сайд асан Нода Сэйко нар дараагийн удирдагч болох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Иргэдийнхээ амьдрал, амьжиргааг хамгаалах үүргээ биелүүлэхийн төлөө чадах бүхнээ хийхээ Ёшихидэ Сүга бямба гарагт блогтоо бичсэн байна. Түүнийг Шинзо Абэгийн халааг авч, одоогийн бодлогыг нь үргэлжлүүлэхийг дэмжиж буй гишүүдийн тоо нэмэгдсээр буй гэнэ.
Эрх баригч намын ерөнхий нарийн бичгийн дарга Никаи Тошихиро, парламентын хэрэг эрхэлсэн хорооны дарга Моряма Хироши нар хууль тогтоох байгууллагын хоёр танхим дахь Либерал ардчилсан намын гишүүдийн нэгдсэн хуралдааныг ирэх сарын 13-15-ны үеэр хийхээр тохиролцжээ. Тэд бямба гаргийн орой уулзаж, Шинзо Абэгийн залгамжлагчийг хэрхэн, хэзээ сонгох асуудлыг хэлэлцсэн байна.
Жирийн үед парламент дахь эрх баригч намын хууль тогтоогчид болон нийт гишүүний саналаар Ерөнхий сайдыг тодруулдаг. Харин энэ удаа улс төрийн вакум үүсэхээс сэргийлэхийн тулд түргэн сонгох хэрэгтэй гэж үзсэн байна. Намын фракцууд одоогоор нэр дэвшигчдээ танилцуулаагүй байгаа бөгөөд бие биеэ ажиглаж байгаа гэнэ. Эрх баригч нам дараагийн удирдагчийг хэзээ, хэрхэн сонгохоо маргааш шийдвэрлэж, нэр дэвшигчид үйл ажиллагаагаа эхлүүлэх аж.
Шинзо Абэ бүдүүн гэдэсний үрэвслээ эмчлүүлэх шаардлагын улмаас огцрох шийдвэр гаргажээ. Тэрбээр уг өвчний улмаас 2007 онд албан тушаалаасаа огцорсон ч дараа бие нь сайжирснаар 2012 онд Ерөнхий сайдаар дахин сонгогдсон билээ. Энэ долоо хоногийн эхээр тэрбээр Японы Ерөнхий сайдын албыг тасралтгүй хамгийн удаан хугацаанд хашсан хүнээр тодорсон юм.
Дэлхийн удирдагчид эрүүл мэндийн шалтгааны улмаас огцрох болсон Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн биеийн байдалд санаа зовж буйгаа илэрхийлж, найм орчим жил уг албан тушаалыг хашихдаа гүйцэтгэсэн үүргийг сайшаасан байна. Тухайлбал, АНУ, Японы харилцааг түүхэнд байгаагүйгээр хүчирхэгжүүлснийг Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэнийг тус улсын засаг захиргааны өндөр албан тушаалтан уламжилжээ. Ш.Абэг албан тушаалаасаа огцрох тухай мэдээлэл гарсны дараа БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижяниас энэ талаар асуухад, Японы дотоод хэргийн асуудал хэмээгээд хариулахаас татгалзсан ч Хятад улс Японтой харилцаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгааг мэдэгджээ.
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний ажлын албанаас Шинзо Абэг ийм мэдэгдэл хийсэнд харамсаж буйгаа илэрхийлээд, түүнийг хоёр орны харилцааг хөгжүүлэхэд олон чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэсэн байна.
Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнь өнгөрсөн жилүүдэд хүчтэй дэмжлэг үзүүлсэн Ш.Абэд талархал илэрхийлээд, харилцаагаа хөгжүүлэх чиглэлд гаргасан хүчин чармайлтыг сайшаасан байна. Мөн түүнийг түргэн эдгэрнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлснийг Ерөнхийлөгчийн ажлын албаны хэвлэлийн төлөөлөгч уламжилжээ.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Сингапурын Засгийн газрын тэргүүн Ли Сянлун, Филиппиний Гадаад хэргийн сайд Тедди Локсин, Пакистаны Сайд нарын танхимын тэргүүн Имран Хан, Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон, Британийн Засгийн газрын тэргүүн Борис Жонсон нар Ш.Абэд түргэн эдгэрэхийг хүсэж, улс хоорондын харилцааг сайжруулах талаар хийсэн бүхнийг өндрөөр үнэлсэн байна.