Улирлын томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, дэгдэлтийн үеийн бэлэн байдлыг хангах чиглэлээр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан улсын болон дүүргийн эмнэлгийн удирдлагуудтай өнөөдөр хуралдлаа.
Хурлын хүрээнд дүүргийн эмнэлгүүдийн орны хүрэлцээг нэмэгдүүлж, шаардлагатай тохиолдолд нэмэлт ор гарах чиглэлээр аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллахаар болсон байна. Тухайлбал нийслэлийн хэмжээнд 2852 хүүхдийн орыг бэлдэж, нэмэлтээр цэцэрлэг, зочид буудал гэх мэт эрүүл мэндийн бус байгууллагад 750 орны нөөцийг бүрдүүлэхээр болжээ.
Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа “Томуугийн дархлаажуулалтад 2019 онд эрсдэлт бүлгийн хүмүүс, жирэмсэн, цэцэрлэгийн хүүхдүүд болон сайн дурын нийт 100 гаруй мянган хүнийг хамруулсан бол 2020 онд 394 мянган хүн тунгаар захиалга өгч ажиллаж байна.
Түүнчлэн 2019 онд уушгины хатгалгааны эсрэг вакцинд 21078 хүүхдийг хамруулсан бол 2020 оны эхний хагас жилд 11757 хүүхдийг хамруулаад явж байна” гэлээ. Мөн эрүүл мэндийн яамнаас энэ жил 1,3 сая хүнийг томуугийн вакцинаар хангахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.