2020-2021 оны хичээлийн шинэ жилийн есдүгээр сард зөвхөн бататгал хичээл орохоор болжээ. Учир нь өнгөрсөн хичээлийн жилийн III, IV улиралд теле хэлбэрээр орсон агуулгыг бататгаад явах юм байна.
Бататгал хичээл явуулах арга зүйн зөвлөмжийг боловсруулаад багш нарт хүргүүлжээ. Энэ зөвлөмжүүд мөн БШУЯ-ны вэб сайт дээр татаж авах боломжтой хувилбараар мөн байршуулжээ.
Эцэг эхчүүдийн зүгээс өнгөрсөн жил нэгдүгээр ангид суусан хүүхдийг энэ жил дахин нэгдүгээр ангид суулгах талаар санал хүсэлтүүдийг БШУЯ-нд ирүүлсэн байна. Энэ талаар БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир хэлэхдээ "Өнгөрсөн жил бид өгөх ёстой агуулгаа танхимийн болон танхимийн бус /теле хичээл/ сургалтаар өгсөн. Үүнийгээ бататгах агуулгыг есдүгээр сард өгч байгаа учраас эцэг эхчүүд маань санаа зоволтгүй. Агуулгаа бататгаад, хоцрогдлыг арилгаад явна. Өнгөрсөн хичээлийн жилд олон сар танхимын бус сургалтаар явсан хэдий ч энэ жил хэт их ачаалал өгөхгүй байхыг зорьж, тухайн хүүхдийн долоо хоногт авах ачааллыг тооцоолсон бөгөөд үүн дээрээ үндэслээд хичээлийн хуваариа гаргаж байгаа.
БШУЯ-наас өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар сургалтыг улсын хэмжээнд ерөнхийд нь зохион байгуулж дууссан.
Өчигдрөөс эхлээд ЕБС-иуд танхимын болон танхимын бус хичээлийнхээ хуваарийг гаргаад албан ёсны вэб хуудас, пэйжээр эцэг эхчүүдэд хүргүүлж эхэлсэн байгаа. Есдүгээр сарын 1-н Мягмар гараг байгаа. Магадгүй энэ өдөр зарим хүүхэд танхимын бус гэсэн хуваарьтай байвал сургууль дээр очих шаардлагагүй. Албан ёсны вэб хуудас, пэйжид хүүхдийн тань хичээлийн хуваарь тавигдаагүй байвал анги удирдсан багштайгаа холбогдож, хичээлийн хуваариа эцэслэж аваарай гэж зөвлөмөөр байна" гэлээ.