Өнөөдөр нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилд хийсэн хяналт шалгалтын дүнг НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш танилцууллаа.
Тэрбээр "Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 988 байгууллага хамрагдсан. Үүнээс 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 501 байгууллага хамрагдаж 55,8 хувийн гүйцэтгэлтэй байна. Шалгалтын хүрээнд боловсрол, эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар стандартын хяналтаар нийт 717 зөрчил илрүүллээ. Мөн 120 зөрчлийг тухайн нөхцөлд нь арилгуулж, нийт улсын байцаагчийн 78 дугаар заалт бүхий 12 албан шаардлагыг хүргүүлсэн. Түүнчлэн зөрчлийн тухай хуулийн дагуу 10 хуулийн этгээдэд 2.5 сая төгрөгийн шийтгэл ногдууллаа" хэмээв.
Мөн тэрбээр үргэлжлүүлэн сурагчдын үдийн цайг чанаржуулах болон цэвэрлэгээний материалын орчныг бүрдүүлэх, сургууль, цэцэрлэгт халдваргүйжүүлэлтийн төсвийн асуудал шийдэгдээгүй байдал, зарим сургууль гар угаах халуун, хүйтэн ус тасарсан зэрэг асуудлууд тулгарч байгааг хэллээ. Тухайлбал, нийт 501 сургуулийн 351 сургуульд халдваргүйтгэл хийсэн бөгөөд үлдсэн 150 сургуульд халдваргүйтгэл хийх төсөв санхүүгийн асуудал шийдэгдээгүй байна.
Харин НМХГ-ын Боловсрол хяналтын улсын ахлах байцаагч С.Лхагвадулам шалгалтын хүрээнд сургууль, цэцэрлэгийн коронавируст халдварын бэлэн байдал хэрхэн хангагдсан талаар танилцууллаа. Тэрбээр "кронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэл бэлэн байдлыг хангуулж, дотоод хяналтын үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажилласан байдал 40 хувьтай хангалтгүй байгаа юм.
Мөн гар халдваргүйжүүлэх болон цэвэрлэгээ үйлчилгээнд хэрэглэх бодис, шаардлагатай тохиолдолд хэрэглэх хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл, анхны тусламжийн эм боолтын материал, биеийн халуун хэмжигч зэргийн нөөцийг бүрдүүлсэн байдал 30 хувьтай хангагдсан байна. Түүнчлэн багш хүүхдийн гар угаах нөхцөлийг бүрдүүлж, ариун цэврийн өрөөнд шингэн саван, цаасан алчуур, гар халдваргүйжүүлэх уусмалыг хүрэлцэхүйц хэмжээгээр байршуулаагүй нь 20 хувьд хангалтгүй бэлтгэгдсэн. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажил 10 дугаар сарын 01-н хүртэл үргэлжлэнэ" гэлээ.