Сүүлийн үед тарваган тахал, галзуу, хумхаагийн дуудлага гарч байгаа талаар ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Бид наймдугаар сарын 24, 25-нд баруун таван аймгийн Засаг дарга, мэргэжлийн хяналт, онцгой байдал, эрүүл мэндийн байгууллагуудын албан хаагчид зэрэг 100 гаруй хүнийг хамруулсан тарваган тахлын дэгдэлтийн дараах үнэлгээ, сургамж, хариу арга хэмжээний талаар сургалт явууллаа. Тарваганы мах идэх, үхсэн болон өвчилсөн тарвага барихгүй байхыг иргэдэд сэрэмжлүүлж байгаа ч харамсалтай иргэдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй хандаж, эрсдэлд өртөх тохиолдол буурахгүй байна.
Тухайлбал, Өвөрхангай аймагт тарваганы мах идсэн гэх нэг гэрийн гурван иргэн цустай суулгасан, бөөлжсөн, халуурсан шинж илэрсэн тухай ЗӨСҮТ-д хандсан. Үүний дагуу шаардлагатай шинжилгээнүүдийг авахад хариу сөрөг гарсан.
Мөн манай улсад хумхаагийн халдварын нэг тохиолдол батлагдсан. Галзуу өвчний эрсдэл буурахгүй байна. Иргэд хөдөө аялал зугаалгаар явахдаа задгай майхан, гэрийн хаалгаа онгорхой байлгах, хээр унтахдаа галзуугийн эрсдэлд өртөж болзошгүй байна. Галзуугийн эрсдэлд өртөж амиа алдсан эмгэнэлтэй тохиолдол саяхан гарсан.
Мөн нэг иргэн Дорнод аймгийн Халхгол суманд ажлаар явж байгаад доргонд хазуулсан. Доргыг эрүүл мэнд, мал эмнэлэгийн байгууллагынхан авч шинжилгээ хийхэд галзуу өвчтэй болох нь нотлогдсон. Иймээс тухайн иргэнийг вакцин болон ийлдэс эмчилгээнд хамруулж байна. Иргэд ямар нэг амьтанд ноцуулах, шүлсдүүлсэн тохиолдолд эмнэлэгт яаралтай хандаж, таван удаагийн вакцинжуулалтад бүрэн хамрагдаж, ийлдэс эмчилгээ хийлгэх шаардлагатай. Галзуугийн халдвар авсан бол 100 хувь нас бардаг аюултай өвчин гэв.