Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр томуугийн вакцины талаар Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэв.
Тэрбээр "Дэлхийн дахинаа 23,906,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 823,000 хүн эндсэн бол 16,800,000 гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Сүүлийн 24 цагт 210,000 хүн шинээр халдвар авч, 4,0001 гаруй хүн эндсэн бөгөөд Энэтхэгт 75,000 гаруй хүн нэг өдрийн дотор халдвар авсан нь дэлхийд хамгийн өндөр өвчлөл бүртгэгдсэн тохиолдол болж байна.
Манай хөрш ОХУ-д 4,676 хүн халдвар авч, 115 хүн эндсэн бол БНХАУ-д 32 тохиолдол бүртгэгдсэний 8 тохиолдлыг гадаадаас зөөвөрлөгдсөн гэж үзжээ. Япон улсад 903 хүн шинээр халдвар авч, 13 хүн эндсэн бөгөөд сүүлийн нэг сарын хугацаанд тохиолдол тасралтгүй нэмэгдэж байна.
БНСУ-д өнгөрсөн хоногт 441 хүн шинээр халдвар авсны долоон тохиолдлыг гадаадаас зөвөөрлөгдсөн гэж үзжээ. Тус улсад эмнэлгийн оны ашиглалт 75 хувьд хүрч, 200 ортой зөвхөн коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдэд үйлчлэх эмнэлэг гаргалаа. Сөүлийн бүх сургууль цэцэрлэгийг хааж, хичээлийг цахимаар явуулах болсон байна.
Сөүл хотын Гымчон дүүрэгт амьдардаг найман монгол хүн коронавирусийн халдвар авсан. Биеийн байдал дунд зэрэг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Найман хүний тав нь үйлдвэрт ажилладаг, гурав нь гэр бүл болон хамт байр хөлслөн амьдардаг хүмүүс байна.
Эдгээр иргэдтэй ойр байсан иргэд, маршрутыг суугаа орны холбогдох байгууллагаас тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд халдвартай нэг иргэн энэ сарын 12-ны өдрийн үдээс хойш Консулын хэлтсээр үйлчлүүлсэн байна. Иймд тус өдөр Консулын хэлтсээр үйлчлүүлсэн иргэд халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг ямар нэгэн шинж тэмдэг илэрч байгаа бол ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөлөө.
Манай улсын хувьд өчигдөр 109 хүн тусгаарлан ажиглалтад орж, 256 хүн гэрийн тусгаарлалтад шилжин, одоогоор нийт 3,718 хүн тусгаарлан ажиглах байранд байна. Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 55 хүний гурав нь эрчимт эмчилгээний тасагт байгаа" гэв.