Монголчууд эмийн замбараагүй хэрэглээтэй улс. Эмчээр бус, эмийн санч, эсвэл найз нөхөд, ах, дүү нараараа эм “бичүүлж аваад”, эмийн сан харайлгадаг “гүндүүгүй” хүмүүс. Тиймдээ ч манайд энэ төрлийн худалдаа, үйлчилгээ хамгийн өргөн дэлгэр. Алхам тутамд шахам эмийн сан, бөөний төв таарна. Гадаадаас оруулж ирдэг эм, бэлдмэлүүдийн 65 хувь нь чанарын шаардлага хангадаггүй, үнийн хувьд хэт хөөрөгдөлтэй гэж саяхан албаны нэг хүн мэдээлсэн. Энэ үүднээс сэрэмжлүүлэг болгох нэгэн мэдээ хүргэе.
Хойд хөршийн эмийн сангуудад худалдаж байсан цитрамон П хэмээх, өвчин намдаах үйлчилгээтэй эмийг татан авч байгаа гэнэ. Тодруулбал, Екатеринбургийн “Урал биофарм”, Хабаровын “Далхимпфарм” эмийн үйлдвэрийн эл бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй учраас устгалд оруулах талаар ОХУ-ын Эрүүл мэндийн салбарт хяналт тавих холбооны албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ. “Урал биофарм” өөрийн бүтээгдэхүүний талаар “Цитрамон П-г хэрэглэж болохгүй буюу чанарын шаардлага хангахгүй гэж байгаагийн шалтгаан нь тээвэрлэлт, хадгалалтын горим алдагдсантай холбоотой” гэсэн байна. Гэхдээ эл бүтээгдэхүүнийх нь талаар гурван жилийн өмнөөс ийм асуудал гарч эхэлжээ. “Далхимпфарм”-ын цитрамон П-гийн хувьд чанарын шалгуурын дөрвөн үзүүлэлт нь шаардлага хангаагүй байж.
Бэлтгэсэн: Э.Хана