Томуугийн үндэсний төвийнхний өчигдрийн мэдээгээр, улсын хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 2.4 хувийг томуу, томуу төст өвчин эзэлжээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн мөн үеийнхээс 0.3 хувиар нэмэгдсэн дүн юм. Сургууль, цэцэрлэг нээгдэнгүүт амьсгалын замын халдварт өвчин огцом нэмэгддэг тул эцэг, эхчүүдийг хүүхдийнхээ биеийн эсэргүүцлийг сайжруулахыг албаныхан зөвлөв. Учир нь өдгөө ханиад, томуугаар өвчлөгсдийн 84 хувь нь 15 хүртэлх насныхан бол үүний 64 хувийг 0-4 настай нялхас эзэлж байна. Тандалт, судалгаагаар хүн амын дунд амьсгалын замаар халдварладаг риновирус, энтеровирус, покавирус илрээд буй гэнэ. Эдгээрээс хамар битүүрч, суулгах шинж тэмдгээр илэрдэг энтеровирус хамгийн их тархжээ. Хүн амын дунд бүртгэгдээд буй уг вирусүүд нь томуу төст өвчин үүсгэдэг бөгөөд харьцангуй хүндрэл багатайг мэргэжлийнхэн хэлсэн. Гэхдээ цар тахлын онцгой нөхцөлд өвчнийг даамжруулалгүй, түргэн эмчлүүлэх хэрэгтэйг эмч нар анхаарууллаа.
Бэлтгэсэн: О.Бат