Америкийн тагнуулын U-2 онгоц Хятадын агаарын орон зайд нэвтэрчээ. Энэ тухай Лхагва гарагт /2020.08.26/болсон БНХАУ-ын Гадаад хэргийн яамны ээлжит шуурхай хуралдааны үеэр тус байгууллагын албан ёсны төлөөлөгч Жао Лицянь мэдэгджээ. "АНУ-ын тагнуулын онгоц Хятадын Ардын чөлөөлөх армийн Хойд командлалын сургуулилалтын бүсийн нислэг хориотой хэсэгт нэвтэрлэээ” гэж тэрбээр хэлжээ. Сэтгүүлчийн тодруулах асуултад тэрээр “Танд тодорхой цэг хэрэгтэй байна гэж үү? Мэдээж энэ нь Хятад улсын нутаг дэвсгэр, агаарын орон зайд байсан" гэж хариулсан байна. Мягмар гарагт Хятадын Батлан хамгаалах яам дээрх үйл явдалтай холбогдуулан Вашингтонд эрс эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Тус яамны албан ёсны төлөөлөгч Ву Цянгийн хэлснээр АНУ-ын уг үйлдэл байнгын явагддаг цэргийн сургуулилалтад маш сөргөөр нөлөөлжээ. Түүнчлэн Бээжин АНУ-ын эрх баригчдыг агаарын орон зайн аюулгүй байдлын тухай хоёр талын хэлцлийг зөрчсөн хэмээн буруутгаж, ийм үйлдлийг өдөөн хатгалга гэжээ. Энэ долоо хоногт Хятадын Ардын чөлөөлөх арми Бохай булан, Шар болон Өмнөд Хятадын тэнгисүүдэд томоохон хэмжээний тэнгисийн цэргийн сургуулилт хийж байгаа аж. Өмнө нь тус улсын эрх баригчид наймдугаар сарын 22-26-ны хооронд Чандун мужийн Чиндао хот болон Зянсу мужийн Ляньюнган зэрэг хот орчмын усан хилийг "өргөн хүрээний байлдааны буудлага хийх зорилгоор" хаасан тухай мэдээлсэн байна. БНХАУ-ын Батлан хамгаалах яам энэ удаагийн сургуулилалтын цар хүрээ, зорилгыг хараахан мэдэгдээгүй байна. Гэхдээ Чандун мужийн засаг захиргаа “байлдааны сумаар байг устгах энэ удаагийн буудлагын хүрээ өргөн, зэр зэвсэг хүчтэй байх тул зөвшөөрөлгүй далайд гарсан тохиолдолд санамсаргүйгээр хохирол учруулах эрсдэл өндөр” гэдгийг анхаарулсан бөгөөд ийм тохиолдол гарвал хохирогчид өөрсдөө хариуцлага хүлээнэ гэдгийг мэдэгджээ.