Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ сарын 26-аас эхлэн хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн төлөвлөгөө болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна.
Өнөөдрийн уулзалтаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хөгжлийн хөтөлбөр болон тулгамдаж буй асуудлуудыг холбогдох албаныхан хэлэлцлээ.
Т.Мөнхсайхан “Өнөөдөр эмнэлгийн тусламж, үйлчилгээг ард иргэд хангалттай авч чадахгүй байна. Ард иргэдэд чирэгдэл ихтэй байна. Улсын томоохон болон дүүргийн эмнэлгүүдэд үзүүлэх цаг авах гэж иргэд дугаар, дараалал хүлээн зогсож байна. Ихэнх эмнэлгүүд цахимаар цаг өгдөг гэдэг боловч бодит байдал дээр өөр байна. Тиймээс ЭМЯ-аас эмнэлгүүдийн цаг авах системийг цэгцлэх, иргэддээ ойлгомжтой хүртээмжтэй байлгах үүднээс “Цаг авах нэгдсэн төв”-ийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Бид өнөөдөр тулгамдаж буй асуудал, болохгүй байгаа зүйлээ нээлттэй ярих хэрэгтэй. Болохгүй байгаагаа бид мэдэж байна. Нуугаад байх зүйл байхгүй. Олон нийт ч болохгүй байгааг мэдэж байгаа. Тиймээс бүх эмнэлгүүд хоорондоо нягт уялдаа, холбоотой ажиллаж, нэгдсэн мэдээлэлтэй байх үүднээс эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр болон асуудлуудыг хэлэлцэн, яамны зүгээс юу анхаарах, яаж дэмжих талаар та бүхэнтэй нээлттэй хэлэлцэхээр энэхүү уулзалтуудыг хийж байгаа юм.
Одоо бид эрүүл мэндийн салбарынхаа нэгж рүү орж ажиллах хэрэгтэй. Доор байгаа асуудлууд дээр ажиллаж, засаж байж иргэддээ хүртээмжтэй үйлчилдэг болно. Салбарт маань чадварлаг эмч, мэргэжилтнүүд олон байна. Гэхдээ манай удирдлагууд зөв зохион байгуулалтаа хийж, ажиллах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд салбарт төлөвлөлтгүй санхүүжилтийг хийсээр ирсэн. Бид төлөвлөж, зайлшгүй хэрэгцээт зүйл рүүгээ санхүүжилтээ чиглүүлэх бодлого барина. Яамны зүгээс тулгамдаж буй асуудлуудаа эрэмбэлэн, санхүү төсөвтөө тааруулж зөв менежментийг хийж, илүү хүртээмжтэй байлгах, бодит үр дүн гарахуйц байхаар ажиллаж байна. Эмнэлгүүдийн яригдсан асуудал болгоныг хэрхэн шийдэгдсэн, зөв зохион байгуулсан эсэх дээр би өөрөө хяналтаа тавьж, биелэлтээ нэхэх болно. Бид ард иргэд эмнэлгээр үйлчлүүлэхэд үүсэж буй хүндрэл, төвөг, чирэгдлийг бууруулахын төлөө бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлнэ” гэв.
Маргааш УХТЭ-ийн хөгжлийн хөтөлбөр, стратеги болон тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, хамтарсан цуврал уулзалт үргэлжлэх юм.