БНХАУ-ын нийслэл Бээжин хотод коронавирусийн халдвартай сүүлчийн хоёр өвчтөн эмнэлгээс гарч, цар тахал эхэлснээс хойш тус хотын эмнэлэг нэг ч өвчтөнгүй болсон талаар Бээжингийн Эрүүл ахуй, эрүүл мэндийн хорооноос өнөөдөр /2020.08.26/ мэдэгджээ. Цар тахал эхэлснээс хойш Бээжинд нийт 935 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 335 нь "Синьфади" бөөний худалдааны зах дээр зургадугаар сард илэрсэн байна. Одоогоор тус хотод тахлын хяналтын арга хэмжээнүүдийг сулруулсан ч нийтийн тээвэр, дэлгүүр, кинотеатр, төрийн байгууллагууд болон бусад олон нийтийн газарт явахдаа амны хаалт зүүхийг зөвлөж байгаа аж. Статистик мэдээллээс харахад эх газрын Хятадад халдварын тохиолдлын 94.13 хувь эдгэрчээ. Арванхоёрдугаар сараас хойш тус улсад бараг 90 мянган халдварын тохиолдол бүртгэгдсэн бол сүүлийн долоон хоногт 108 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний зэрэгцээ, дөрөвдүгээр сарын 15-наас хойш тус улсад коронавирусийн улмаас нас барсан тохиолдол гараагүй аж. Коронавирусийн халдвартай 347 өвчтөн орон нутгийн эмнэлгүүдэд үлдсэн бөгөөд тэдгээрийн долоон хүнийх нь биеийн байдал хүнд байгаа аж.