НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүд 2231 тогтоолын хүрээнд Ираны эсрэг хориг арга хэмжээг сэргээх тухай АНУ-ын тавьсан шаардлагыг дэмжсэнгүй. Зөвлөлийн ихэнх гишүүн орнууд Вашингтонд ийм алхам хийх эрх байхгүй хэмээн үзжээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх хамтарсан иж бүрэн төлөвлөгөөг(JCPOA) Иран улс хэрэгжүүлэхгүй байгаа талаар Аюулгүйн Зөвлөлийн даргад гомдол гаргаж, 2231-р тогтоолын дагуу Ираны эсрэг хориг арга хэмжээг сэргээхийг шаардсан юм. 2015 онд батлагдсан 2231 тогтоол нь JCPOA-ийн дагуу Иран хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд тус улсын эсрэг НҮБ-ын хоригийг автоматаар сунгах утга агуулдаг бөгөөд арван жилийн хүчинтэй аж. Баримт бичигт зааснаар зөрчил гаргасан тохиолдолд Иран улс Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоол батлагдсаны дараа л хориг арга хэмжээнээс зайлсхийх боломжтой аж. Хэрэв Зөвлөлийн байнгын гишүүдийн ядаж нэг нь л эсэргүүцвэл хязгаарлалт 30 хоногийн дотор автоматаар сэргэх аж. 2015 оны долдугаар сард Тегеран ба олон улсын хэлэлцээрийн “Зургаа” олон жилийн хугацаанд шийдвэрлэж чадаагүй Ираны цөмийн асуудлын талаар тохиролцоонд хүрсэн юм. Урт хугацаанд үргэлжилсэн хэлэлцээр нь Хамтын ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг баталснаар өндөрлөсөн бөгөөд өмнө нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, АНУ, Европын Холбооноос Ираны эсрэг тавьсан эдийн засгийн болон санхүүгийн хориг арга хэмжээг зогсоожээ. Тохиролцоо гурван жил ч болж чадаагүй бөгөөд 2018 оны тавдугаар сард АНУ тус тохиролцооноос татгалзаж, Тегераны эсрэг хатуу хориг арга хэмжээг сэргээж байгаагаа мэдэгдсэн билээ.