Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц энэ сарын 24-ний 19.33 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардаж, 257 иргэн эх орондоо ирсэн билээ. Буянт-Ухаагийн боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны хоёр улсын байцаагч нислэгийн явцад зорчигчдын эрүүл мэндийг хянаж, зөвлөмж өгчээ. Тус онгоцоор бага насны хүүхэдтэй 33 гэр бүл, жирэмсэн 12, өндөр настан 10, эрүүл мэндийн шалтгаантай 17 иргэн ирсэн гэнэ. Мөн 35 оюутан, сурагч багтсан байна. Бусад нь визийн хугацаа дууссан, санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан зэрэг шалтгаантай аж. Тус онгоцоор ирсэн зарим хүнийг тусгаарласан байр асуудал, шүүмжлэл дагуулав. Тухайлбал, “Мал хаших гэж байгаа биш дээ. Нэг нэгээр нь тусгаарлана гэж албаныхан мэдэгдсэн. Гэтэл биднийг сүлжээгүй газарт авчирч, шавар гэрт оруулаад, гурван хүнийг хамт байлгана гэнэ. 21 хоног ганцаар нь тусгаарлахгүй бол эрсдэлтэй гэж тооцсон биз дээ. Гаргасан шийдвэр нь бодит байдалтай нийцсэнгүй” гэж тус онгоцоор ирсэн иргэн хэлэв. Өнөөх шавар гэртэй газар нь Хүй долоон худаг орчимд байрладаг “Налгар” амралтын газар аж. Мөн л тус онгоцоор ирсэн, “Улаанбаатар хоспис” эмнэлэгт тусгаарлагдсан нэгэн иргэн “Таван хүнийг нэг өрөөнд оруулна. Эсвэл мөнгө нэмж төлөөд, ганцаараа тусгаарлагд гэсэн. Голдуу нимгэн хувцастай хүмүүсийг ийм шалтгаанаар гадаа хоёр цаг зогсоолоо. Монголд коронавирусээр бизнес хийдэг болчихжээ” хэмээсэн юм. Түүнчлэн “Нэг автобусанд суусан 18 хүн саналаа нэгтгэж, нэг өрөөнд дээд тал нь хоёр хүн байх ёстой гэж Улсын онцгой комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар луу нэлээд хэдэн удаа утсаар ярьсан. Үүний үр дүнд хоёр хоёроороо тусгаарлагдахаар болсон” гэх хүн ч байв.