Висконсин мужийн Кеноша хотод үймээн дэгдсэнтэй холбогдуулан мягмар гарагт шилжих шөнөөс эхлээд хөл хорио тогтоожээ. Өнгөрсөн Ням гарагт тус хотын оршин суугч хар арьстан эрэгтэй рүү цагдаа нар хэд хэдэн удаа гал нээсэн хэрэг гарсны дараа хүмүүс гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлэн жагссан аж. Яваандаа жагсаал олныг хамарсан үймээн болж хувирсан байна. Тус хотын засаг захиргааны албан ёсны Твиттерт бичсэнээр бол "дээрэм тонуулын хэрэг олноор гарах” болсонтой холбогдуулан хөл хорио тогтоожээ. Жагсагчид хотын шүүхийн байрны хаалгыг эвдэж, хэд хэдэн барилга байгууламж, тээврийн хэрэгслийг шатаажээ. Цагдаа нарт буудуулсан 29 настай африк гаралтай америк эр Жейкоб Блейкийн биеийн байдал тун хүнд байгаа бөгөөд тэрбээр одоо сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа аж. Цагдаа нар түүнийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдсон гэжээ. Блейкийг машинд суух гэж оролдох үед цагдаа нар ар нуруу руу нь буудаж байгаа нь бичлэгээс харагджээ. Түүн рүү цагдаа нар 7 удаа буудах чимээ сонсогдсон байна. Блейк зэвсэггүй байсан бөгөөд цагдаа нарыг ямар учраас Блейкийн ар нуруу руу буудахад хүргэсэн нь тодорхойгүй аж. Өнгөрсөн тавдугаар сард Миннесота мужийн Миннеаполис хотод африк гаралтай америк эр Жорж Флойдын амь насыг хөнөөсөн хэрэг тус улс даяар "Хар хүмүүсийн амь нас чухал" гэсэн уриатай томоохон эсэргүүцлийн хөдөлгөөнийг өдөөсөн билээ. Эсэргүүцлийн үеэр дэг журмыг сэргээхийн тулд АНУ-ын Үндэсний зэвсэгт хүчин орон нутгийн хууль сахиулах байгууллагуудтай нэгдсэн аж. Вашингтон, Нью Йорк зэрэг 40 орчим хотод хөл хорио тогтоож байжээ."Kenosha News" сонины мэдээлснээр хотод үндэсний зэвсэгт хүчнийг оруулахаар зэхэж байгаа аж.