Өмнөд Солонгосын нийслэл Сөүл болон тус хотын ойролцоо бүс нутагт Covid-19-ийн халдварыг хязгаарлах үүднээс энэ сарын 24-өөс эхлээд хүн болгон амны хаалт заавал зүүх журам гарчээ. Сөүл хотын захиргаанаас гаргасан мэдэгдэлд тус шийдвэрийн дагуу хотын бүх оршин суугчид гадуур явж байхдаа мөн барилга байгууламжийн дотор байхдаа, ойр орчим хүн байхгүй тохиолдолд ч амны хаалтаа зүүх шаардлагатай гэж дурджээ. Коронавирусийн халдварын эхний давлагаа намжаад байтал өнгөрсөн тавдугаар сард Сөүлийн нэгэн шөнийн цэнгээний газар шинээр голомт болж халдвар дахин дэгдсэн юм. Үүний дараа оршин суугчдыг олон нийтийн тээвэрт амны хаалт зүүхийг үүрэг болгосон аж. Сөүл хотод сүүлийн үед халдварын тохиолдол эрс нэмэгдэх болсон байна. БНСУ-д халдварын анхны тохиолдол илэрсэн нэгдүгээр сарын 20-ноос наймдугаар сарын 14 хүртэл тус хотод 1800 гаруй тохиолдол илэрсэн бол наймдугаар сарын 15-22-нд халдварын 1000 гаруй шинэ тохиолдол илэрчээ.