Беларусьт энэ сарын 9-нд болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцэн тус улсын иргэд хоёр дахь долоо хоногтоо жагсаж байна. Өчигдөр буюу Ням гарагт /2020.06.23/ эсэргүүцэгчид сонгуулийн дүнг дахин тоолохын шаардан Тусгаар тогтнолын ордон руу (Ерөнхийлөгчийн ордон) жагсжээ. Гэвч тэдний замыг байлдааны техник, тусгай хүчнийхэн хаасан байна. Жагсагчид буцаж өмнө нь цуглардаг байсан “Баатар хот Минск” талбай руу явжээ.Үүний дараа Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко нисдэг тэргээр Тусгаар тогтнолын ордны өмнө бууж, гартаа автомат буу барьсаар гарч иржээ. Тэрээр тусгай хүчнийхэнд баярласан талархсанаа илэрхийлээд, эсэргүүцэгчдийн учрыг олохоо амласан байна. Лукашенкогийн хэвлэлийн төлөөлөгч Наталья Эйсмонт ONT телевизийн эфирээр ярихдаа “Ерөнхийлөгч хаашаа ч зугтаагүй, өглөөнөөс авахуулаад Тусгаар тогтнолын ордон дахь нөхцөл байдлын төвд ажилласан бөгөөд жагсагчид ордон руу ойртон ирэх үед тэрээр нисдэг тэргээр хотыг тойроод, буцаж ирсэн” хэмээн мэдэгджээ. Тэрээр хэлэхдээ "эсэргүүцэгчдэд хангалттай зориг байсангүй. Юу болж болохыг харахад тэд эргээд бараг гүйлдсэн" гэв. Сөрөг хүчний зүгээс Украины Майданыг давтахыг хүсээгүй гэдгээ мэдэгджээ. Эсэргүүцлийн эхний өдрүүдэд хууль сахиулагчид болон тусгай хүчнийхэн жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, усан их буу, дуут гранат, резинэн сум ашиглаж байсан ч олон улсын шаардлагын дагуу жагсаал цуглааныг тархаахаа зогсоосон юм. Албан ёсны мэдээллээр долоон мянган хүн саатуулагдсан байна. Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээлснээр үймээн самууны үеэр олон зуун хүн шархадсанаас 120 гаруй хууль сахиулагчид байжээ. Нөгөө талаас гурван хүн амь үрэгдсэн байна.