Гавьяат багш, тэргүүлэх зэргийн профессор, шинжлэх ухааны доктор Л.Жамц “Монгол хүний амьдрах ухааны үйл явцын боловсрол” бүтээлээ олны хүртээл болгожээ. Тэрбээр олон жилийн судалгаандаа тулгуурлан, сургалтын явцад багш суралцагчдын уураг тархины үйл ажиллагааг хэрхэн удирдан жолоодох арга зүйн талаар уг бүтээлдээ тусгажээ. Ингэхдээ монгол ардын сурган хүмүүжүүлэх өв уламжлалаас эхлээд өнөөгийн сургалтын үйл ажиллагааг ч хамруулж, өргөн хүрээнд бичсэн аж. Тэрбээр “Сургалтын явцад суралцагчдын ой тогтоолт, аналитик сэтгэлгээ, тооцоолон бодох чадвар, сэтгэх хурд зэргийн коэффициент болох IQ-г судалгааны ажлын амжилтын хэмжүүр болгодгийг энэхүү сурах бичигтээ график, зургаар тодорхой оруулсан. Сүүлийн үед EQ буюу хүн орчин ахуйтай, эд юмстай зөв харилцан сурч хөдөлмөрлөх, хөрөнгө мөнгөө оновчтой зарцуулах зэрэг үйл ажиллагааг идэвхтэйгээр зохион байгуулах чадварын түвшнийг судлахад сэтгэлийн идэвхтэй хөдөлгөөн, мэдрэмж чухал ач холбогдол өгдгийг анхаарах болсон. Хичээл, сургалтын явцад IQ нь амьдралын талбарт амжилт гаргахад нөлөөлөх чухал хүчин зүйл гэж үздэг. Гэвч ажилд ороход багахан хэмжээний IQ шаардах бол урт хугацаанд амжилттай ажиллах боломжийг AQ тодорхойлдог болсныг нэлээд ул суурьтай судалсан. Тухайлбал, IQ, EQ хоёулаа бидний хичээл, сургалтын амжилтад чухал нөлөөтэй боловч технологийн үсрэнгүй хөгжлийн үед AQ (adapt¬ability quotient) буюу дасан зохицох чадамж ч бас шаардлагатай. Энэ нь хурдтай шинэчлэгдэж буй орчин, зах зээлийн эргэлтэд дасан зохицох чадвартай болгоход үйлчилдэг. Аливаа асуудлыг шийдвэрлэж, дасан зохицоход IQ, EQ, AQ гэсэн гурван ур чадвар харилцан бие биенээ нөхөх учиртай. Энэ тохиолдолд багш хэчнээн IQ өндөртэй байлаа гээд EQ-гүй бол шинэ арга замыг олж харахгүй хуучин арга барилаараа л зүтгэнэ. Мөн AQ багатай бол шинэ зүйлд суралцахад хүндрэлтэй. Ийм учраас AQ нь орчин үед багш, суралцагчдын сургах болон сурах үйлийн шалгуурын чухал хүчин зүйлд тооцогдож байна. Сургалтад шаардлагатай сэтгэлийн болон мэдрэмжийн боловсролыг энэ бүтээлийг судалснаар олж авна” хэмээлээ.