Мали улсад төрийн эргэлт хийсэн цэргийнхэн тус улсад тогтвортой байдлыг тогтоож, боломжтой хугацаанд шинэ шударга сонгууль явуулахаа амлажээ. Энэ тухай Reuters агентлаг босогчдын төлөөлөгч хурандаа Исмаэль Вагийн хэлсэн үгийн дурдан мэдээлэв. “Манай улсын хувь заяаг хариуцах ёстой хүмүүсийн буруугаар эх орныг минь эмх замбараагүй байдал, анархи, үймээн самуун нөмөрч, аюулгүй байдал үгүй болж байна. Малид хүчтэй төр бий болгох бүх нийтийн сонгуулийг зохион байгуулах боломжийг бүрдүүлэх тогтвортой байдлыг бид хүсэж байна" гэж Исмаэль Ваг мэдэгджээ. Энэ сарын 18-нд тус улсын нийслэл Бамако хотын ойролцоо Кати армийн баазад цэргүүд үймээн дэгдээж тус улсын Ерөнхийлөгч Ибрагим Бубакар Кейта, , Ерөнхий сайд Бубу Сиссе мөн Гадаад хэргийн сайд, Сангийн сайд зэрэг сайд нараас гадна парламентын даргыг баривчилсан юм. Хэдэн цагийн дараа Ерөнхийлөгч Ибрагим Бубакар Кейта албан тушаалаасаа огцорч, парламентыг тараах тухайгаа мэдэгдсэн билээ. Мали улс энэ оны зургадугаар сараас хойш нийгэм, улс төрийн ноцтой хямралтай тулгараад байгаа аж. Хямрал өнгөрсөн гуравдугаар сард болсон парламентын сонгуульд тус улсын 31 тойргийн санал хураалтын дүнг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгож, эрх баригч намын талд давуу эрх олгосноос эхэлжээ. Баруун Африкийн орнуудын эдийн засгийн нийгэмлэг Малигийн цэргийн эргэлтийг дэмжээгүйн дээр тэдэнд хориг арга хэмжээ авна хэмээн мэдэгдсэн байна. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш босогчдод баривчлагдсан ерөнхийлөгчийг нэн даруй суллахыг шаарджээ.