Өнөөдөр өглөө Оросын сөрөг хүчний томоохон төлөөлөгч, улс төрч Алексей Навальный Томскоос Москва руу явж байгаад бие нь гэнэт муудаж Омск хотын эмнэлэгт хүргэгдэн сэхээн амьдруулах тасагт хэвтжээ. Түүний сууж явсан онгоц Омск хотод яаралтай газардсан байна. Эмч нарын тавьсан урьдчилсан оношилгоогоор Навальныг сэтгэцэд нөлөөлдөг бэлдмэлд хордсон байж магадгүй гэнэ. Навальный өглөө юм идэж уугаагүй явж байсан бөгөөд Томскийн нисэх буудалд ганц аяга цай уусан аж. Тэр болтол түүнд өвдсөн, бие нь муудсан ямар ч шинж тэмдэг байгаагүй гэнэ. Харин онгоц хөөрсний дараа бие муудаж ухаан алдсан байна. Түүний хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр улс төрчийг зориуд хордуулсан нь гарцаагүй ажээ. "Нэг жилийн өмнө Алексей цагдан хорих төвд хоригдож байхад нь хордуулах оролдлого гарсан. Энэ удаа ч хэрэг давтагдаж байна " гэж хэвлэлийн төлөөлөгч Твиттер хуудсандаа бичжээ. Навальный одоогоор Омск хотын 1-р эмнэлгийн хордлогын тасгийн сэхээн амьдруулахад ухаангүй байгаа аж. Түүний биеийн байдал тун хүнд гэж эмч нар дүгнэж байна. Болсон хэргийн дагуу Томскийн Дотоод хэргийн газар мөрдөн шалгаж ажиллагаагаа эхлүүлжээ. Үүнээс гадна Навальный цай уусан кофены газар өөрсдийн үзлэг шалгалт хийх болсон талаар Interfax агентлаг мэдээлжээ. “Нөхцөл байдлыг тодруулахын тулд бид хяналтын бүх камеруудын бичлэгүүдийг судлана" гэж цайны газрын эзэн ярьжээ.