Өчигдөр буюу Лхагва гарагт /2020.08.19/ Беларусийн Ерөнхийлөгч А.Лукошенко Засгийн газрын тэргүүнээр Роман Головченког дахин томилжээ. Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт бараг ороогүй бөгөөд өмнөх сайд дарга нар бүгд албан тушаалдаа үлдсэн байна. Тус улсын Үндсэн хуулийн 106-р зүйл, "Беларусийн Бүгд Найрамдах Сайд нарын Зөвлөлийн тухай" хуулийн дагуу Роман Головченко тэргүүтэй засгийн газар 8 дугаар сарын 17-нд шинээр сонгогдсон ерөнхийлөгчийн өмнө бүрэн эрхийн хугацаагаа дуусгавар болгожээ. Беларусийн төрийн тэргүүний зарлигт тусгаснаар, Сайд нарын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлэхийг орлогч дарга, сайд, улсын комиссын дарга нарт үүрэг болгосон байжээ. Энэ сарын 9-нд тус улсад болсон Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Александр Лукашенко 80,1 хувийн саналаар ялсан тухай СЕХ албан ёсоор мэдэгдсэн юм. Беларусийн оршин суугчид уг дүнг эсэргүүцэн хоёр дахь долоо хоногтоо жагсаж, шинэ сонгууль явуулахыг шаардаж байгаа билээ. Европын холбоо Лукошенкогийн ялалтыг хүлээн зөвшөөрөхөөс санал нэгтэйгээр татгалзсан аж.