БНХАУ-ын “Sinopharm” эмийн компанийн гаргаж авсан коронавирусийн эсрэг вакцины хоёр тариа 1000 юань буюу ойролцоогоор 144 ам.доллар болно гэж тус компанийн захирлуудын зөвлөлийн тэргүүлэгч Лю Жиньзэн мэдэгдсэнийг Rueters агентлаг дамжуулав. “Вакцин тийм ч үнэтэй биш. Нэг тарилга хэдэн зуун юань, хоёр нь 1000 юань хүрэхгүй үнэтэй болно гэж найдаж байна ”гэж тэрбээр хэлжээ. Уг вакцин энэ оны сүүлч гэхэд зах зээлд гарах юм байна. Лю Жиньзэны хэлснээр “Нэг тарилгыг хийхэд вирусээс хамгаалах магадлал 97 хувь байх бөгөөд эсрэг биет аажмаар үүснэ. “COVID-19”-г эсэргүүцэхэд хангалттай түвшинд хүрэхэд ойролцоогоор хагас сарын хугацаа шаардагдана. Хоёр дахь тарилгыг хийхэд вирусээс хамгаалах магадлал 100 хувьд хүрнэ. Хоёр тарилгыг 28 хоногийн зайтай хийх ёстой” аж.