Өчигдөр буюу Мягмар гарагт /2020.08.18/ Малид төрийн эргэлт гарчээ. Бамако хотын ойролцоо Кати армийн баазад цэргүүд үймээн дэгдээж тус улсын Ерөнхийлөгч Ибрагим Бубакар Кейта, , Ерөнхий сайд Бубу Сиссе мөн Гадаад хэргийн сайд, Сангийн сайд зэрэг сайд нараас гадна парламентын даргыг баривчилсан байна. Орон нутгийн “Bamada” агентлагийн мэдээлж буйгаар үймээн гаргагчдыг Кати бааз дахь цэргийн сургуулийн захирал асан, хурандаа Садио Камара удирдаж байгаа аж. Үүнээс гадна Мали улсын Зэвсэгт хүчний ерөнхий штаб үймээн дэгдээгчдийн хяналтад байгаа бөгөөд тэд цэргийн дарга нарыг мөн баривчилжээ. Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгч Ибрагим Бубакар Кейта өнөөдөр албан тушаалаасаа огцорч, парламентыг тараах тухайгаа мэдэгдлээ. "Би бүрэн эрхээсээ түдгэлзэх шийдвэр гаргалаа. Эрх мэдлээ хадгалан авч үлдэхийн тулд цус урсгахыг хүсэхгүй байна” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. Мали улс энэ оны зургадугаар сараас хойш нийгэм, улс төрийн ноцтой хямралтай тулгараад байгаа аж. Хямрал өнгөрсөн гуравдугаар сард болсон парламентын сонгуульд тус улсын 31 тойргийн санал хураалтын дүнг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгож, эрх баригч намын талд давуу эрх олгосноос эхэлжээ. Өнгөрсөн Баасан, Бямба гарагуудад сөрөгч хүнийг дэмжиж Ерөнхийлөгчийг огцрохыг шаардсан олныг хамарсан жагсаал цуглаан болсон байна. Даваа гарагт сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгч Ибрахим Бубакар Кейтааг огцрохыг шаардаж эсэргүүцлийн хөдөлгөөнийг дахин эхлүүлэхээр зарлаад байсан аж. Мали улсад болсон төрийн эргэлтийг Европын холбоо зэмлэн буруушааж байгаа тухай Европын зөвлөлийн дарга Шарль Мишель мэдэгдэв. "Европын холбоо Мали дахь нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна. Хэчнээн гүн гэдгээс үл хамааран хямралаас гарах шийдэл нь хэзээ ч цэргийн эргэлт байгаагүй. ЕХ Баруун Африкийн улсуудын эдийн засгийн хамтын нийгэмлэгт бүрэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байна” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.