Сургууль, цэцэрлэгүүд бэлтгэлээ хангаж, халдвар хамгааллын дэглэм хэрэгжүүлсэн, эсэхийг мэргэжлийн хяналтын байгууллагынхан энэ сарын 20-ноос шалгахаар болжээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Гэрэлмаа “Хяналт, шалгалтыг хоёр үе шаттай явуулна. Эхний ээлжид сургууль, цэцэрлэгүүдийн ойр орчим, хичээлийн болон дотуур байр, барилга, байгууламжуудыг ариутгах ёстой. Энэ бол жил бүр хийдэг ажил. Гэхдээ энэ жил онцгой нөхцөлд үйл ажиллагаа явуулах учраас мэргэжлийн байгууллагаар өндөр түвшний халдваргүйжүүлэлт хийлгэх хэрэгтэй. Бүх багш, ажилтныг коронавирусээс урьдчилан сэргийлэх сургалтад хамруулах шаардлага тавина” гэв.
Коронавирусээс урьдчилан сэргийлэх хүрээнд нэг ангид хамгийн олондоо 20 хүүхэд хичээллэх ёстой бөгөөд ширээ, сандлуудыг 1-1.5 метр зайтай байрлуулна. Сурагчид өдөрт дээд тал нь дөрвөн цаг хичээллэх ёстой аж. Сургуулийн эмч, нийгмийн ажилтнууд өглөө бүр багш, сурагчдын халууныг хэмжиж, тандалт, судалгаа хийх шаардлагатай. Эцэг, эхчүүд өмнөх шигээ хүүхдээ сургуулийн гадна орхих биш, заавал багшид хүлээлгэн өгнө. Тандалт, судалгаагаар хүүхдээс өвчний ямар нэг шинж тэмдэг илэрвэл сургууль руу оруулахгүй аж. Цэцэрлэгийн хүүхдүүд амны хаалт зүүх шаардлагагүй. Харин сурагчид, багш, ажилтан, эцэг, эхчүүд заавал амны хаалттай байх ёстой гэнэ.
Үүнтэй холбоотойгоор “Амьсгалын замын халдварт өвчин ба коронавируст халдварын сэргийлэлт, хяналт, орчны менежмент” сэдэвт сургалтыг нийслэлийн Боловсролын болон Эрүүл мэндийн газар хамтран зохион байгуулж байна. Улаанбаатар хот дахь төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эмч, удирдлагыг үүнд хамруулж буй бөгөөд хүүхдүүдийг шинэ коронавирусээс хамгаалах дэглэмийг хэрхэн хэрэгжүүлэх талаар зааж байгаа аж. Тухайлбал, “Ковид-19” болон амьсгалын замын бусад халдварт өвчний үед тусгай дэглэм мөрдүүлэх, болзошгүй эрсдэл тохиолдвол хохирол багатай даван туулах бэлэн байдлыг хангах чиглэлээр мэргэшүүлэх гэнэ. Нийслэлийн Боловсролын газраас “Сургуулийн орчин нь хүүхдийн эрүүл мэндэд шууд нөлөөлж, халдвар авах нэг эрсдэлт хүчин зүйл болдог. Тиймээс сургалт, хүмүүжлийн байгууллагын үйл ажиллагаанд зохистой орчин, дадал хэвшлийг бий болгохыг дэлхийн аль ч орон чухалчлан үздэг. Тиймээс сургалт зохион байгуулж, 981 эмч, удирдах ажилтныг хамруулж байна” гэж мэдээлэв. Энэхүү үйл ажиллагаа маргаашийг дуустал үргэлжилнэ.
2020-2021 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын 820 сургуульд 640 000, 1439 цэцэрлэгт 263 333 хүүхэд, 93 их, дээд сургуульд 150 000 оюутан суралцах юм байна.