Цар тахлын үед сургууль, цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн байдлаа бүрэн хангасан эсэхийг энэ сарын 20-ноос эхлэн шалгахаар боллоо.
Хяналт шалгалтыг мэргэжлийн хяналтын байгууллагын боловсролын эрүүл ахуйн халдвар хамгаалал болон Хүнсний аюулгүй байдлын хяналтын байцаагч нар хийнэ. Мөн сургуулиудын халдвар хамгааллын дэглэм, хоорондын зай барих асуудалд маш сайн анхаарч ажиллана гэв.
Мөн сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхтэй холбоотойгоор нэг ангид 20-оос илүүгүй хүүхэд суухаар, ширээ сандлуудыг 1-1.5 метрийн зайтайгаар байрлуулах юм. Өдөрт нэг анги дөрвөөс илүүгүй цагаар хичээллэнэ. Нэгдүгээр ээлж өглөө 08:00-11:30 цаг хүртэл, хоёрдугаар ээлж 12:00-15:30 цаг хүртэл орох юм. Үүнээс гадна халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхийн тулд сургуулийн эмч, нийгмийн ажилтнууд өглөө бүр багш, сурагчдын биеийн халууныг хэмжинэ.
Цар тахалтай холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн анги танхимын ариутгал, халдваргүйтгэл, эрүүл ахуй, багш, ажиллагсдын эрүүл мэнд, химийн хорт болон аюултай бодисын хэрэглээ, хадгалалтад анхаарахыг МХЕГ-ын дарга Т.Гантулга үүрэг болголоо.
Б.Чингүүн