Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам Кэмбрижийн их сургуулийн Вулфсоны коллежийн хүндэт цолоос татгалзжээ. Хятадын засаг захиргааны тусгай эл бүс нутгийн байдалд түгшиж буйгаа илэрхийлсний дараа тэрбээр ийн шийдсэн тухай “Standard” сонинд бичсэн аж.
“Надад олгосон цолыг хүчингүй болгохыг хүссэн, Британийн зарим улстөрч, бүлгийнхний дарамт шахалтад коллежийн ерөнхийлөгч орсныг мэдсэнийхээ дараа сайн дураар уг шагналаас татгалзахаар шийдлээ” гэж Хонконгийн удирдагч хэлжээ.
Нэр хүндтэй уг коллежийн захиргаа Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг Хятадад баталсны дараа тус бүс нутагт эрх чөлөө, хүний эрхийн байдлыг хангалтгүй хангаж буйд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн юм. Тус сургуулийн удирдах зөвлөл ирэх сарын эхээр Кэрри Ламд олгосон цолын асуудлыг хэлэлцэх байжээ.
Тэрбээр төрийн албан хаагчийн мэргэшил дээшлүүлэх зорилготой Хонконгийн Засгийн газраас санхүүжүүлсэн хөтөлбөрийн дагуу 1982 онд Кэмбрижэд сурчээ. Тэнд Кэрри ирээдүйн нөхөр, Хонконгийн эрдэмтэн, математикчтай танилцсан аж. Тэдний хоёр хүү ч уг сургуулийг төгссөн байна.
Вулфсоны коллеж 2017 онд К.Ламыг Хонконгийн удирдах өндөр албан тушаал хашиж байхад нь хүндэт цол олгосон аж.