Европын парламентын тэргүүлэгч намууд Беларусь дахь нөхцөл байдлын талаар хамтарсан мэдэгдэл гаргаж, тус улсын удирдагч Александр Лукашенкого “persona non grata” буюу “тааламжгүй этгээдээр” зарлажээ. Мэдэгдэл Европын ардын намын вэбсайтад нийтлэгджээ. Улс төрчдийн үзэж байгаагаар наймдугаар сарын 9-нд болсон Беларусийн Ерөнхийлөгчийн сонгууль чөлөөт, шударга бус байсан гэж бөгөөд тоо баримтууд Светлана Тихановскаяг ялсан хэмээн харуулж байгаа аж. “Тиймээс бид Александр Лукашенког Беларусийн Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул түүнийг Европын Холбоонд “тааламжгүй этгээд” хэмээн үзлээ” гэж мэдэгдэлд бичсэн байна. Үүнтэй холбогдуулан намууд сонгуулийг хараат бус ажиглагчдын хяналт дор дахин явуулахыг шаарджээ. Түүнчлэн жагсагчдыг баривчлах, тэдний эсрэг хүч хэрэглэх, тамлан зовоох явдлыг эрс буруушаасан байна. “Эдгээр гэмт хэргийг хариуцлагаас мултруулахгүйн тулд сайтар нягтлан шалгахын уриалж байна. Бид Александр Лукашенкод хариуцлагыг нь сануулж байна” гэж тус мэдэгдэлд тэмдэглэжээ.Үүнээс гадна ЕХ-ны орнуудын Гадаад хэргийн сайд нарын жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн, сонгуулийн луйварт оролцсон бүх улс төрчдөд хориг тавих шийдвэрийг намууд дэмжсэн байна. Дээрх мэдэгдэлд Европын холбооны эрх баригчдыг Минсктэй харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа Дорнод түншлэлийн хүрээнд дахин нягталж үзэхийг уриалжээ. "Беларусийн ард түмний хүслийн дагуу засгийн эрхийг тайван замаар шилжүүлэх үйл явцыг дэмжих" тусгай төлөөлөгч томилох саналыг Брюссельд тавьсан байна. Беларусийн Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсоор мэдэгдсэнээр бол сөрөг хүчнээс нэр дэвшигч Тихановская 10 орчим хувийн санал авсан бол, одоогийн Ерөнхийлөгч Лукашенко 80 гаруй хувийн санал авчээ. Беларусийн мянга мянган иргэд сонгуулийн уг дүнг эсэргүүцэн жагсжээ. Жагсагчид хууль сахиулагчдын хооронд мөргөлдөөн гарч, хэдэн зуун гэмтэж, мянга мянган хүмүүсийг баривчилсан байна.