Цар тахлын улмаас хуваарь нь хэдэнтээ өөрчлөгдсөн АНУ-ын сонгуулийн өмнөх кампанит ажил намын их хурлын шатандаа шилжив. Их хурлаасаа Ардчилсан болон Бүгд найрамдах намынхан ирэх арваннэгдүгээр сарын 3-нд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ албан ёсоор тодруулах юм.
“Time” сэтгүүл энэ удаагийн кампанит ажлыг “тахлынх” хэмээн нэрлэжээ. Шинэ төрлийн коронавирус эрчимтэй тархсантай холбоотойгоор өнгөрсөн гуравдугаар сарын эцсээс 16 муж улсын эрх баригчид сонгуулийн өмнөх сунгаа, намын их хуралд оролцох төлөөлөгчөө тодруулах идэвхтнүүдийн цуглаанаа хойшлуулсан. Мөн их хурал хийх хугацаа болон газраа өөрчилсөн. Тодруулбал, Ардчилсан намынхан нь Висконсин муж улсын Милуоки хотод өнгөрсөн сарын 13-16- нд хийх хурлаа өчигдөр эхлэв. Бүгд найрамдахчууд энэ сарын 24-27-нд Умард Каролина муж улсын Шарлотт хотод товлосноо өөрчлөн Флорида муж улсын Жексонвиллийг сонгожээ. Учир нь Флоридад коронавирусийн халдварын тохиолдол эрс өссөн аж. Тус хоёр их хурал бараг бүрэн цахим хэлбэртэй болно.
“Энэ тахлын сонгууль, цар тахал бүхнийг өөрчиллөө. Кампанит ажил, санал хураалт, бидний үнэт зүйлс ч өөр болжээ” хэмээн “Time” сэтгүүл тэмдэглээд, эдгээр асуудлын улмаас сонгуулийн дүн эргэлзээ төрүүлж мэдэхэд олон шинжээч санаа зовж буйг тодруулжээ. “Сонгуулийн шөнө ялагч тодрохгүй, бүх саналыг тоолоход хэдэн долоо хоног, эсвэл сар шаардлагатай болно” гэж тус сэтгүүлийнхэн дурдсан байна.
Их хурлаас албан ёсны нэр дэвшигч болсны дараа Жозеф Байден, Дональд Трамп нар орон даяар шууд нэвтрүүлэх телевизийн халз цуврал мэтгэлцээнд оролцоно. Эхнийх нь ирэх сарын 29-нд, сүүлчийнх нь аравдугаар сарын 22-нд болно. Дэд Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө өрсөлдөх Майкл Пенс, Камала Харрис нар аравдугаар сарын 7-нд мэтгэлзэх аж.
АНУ-ын Ерөнхийлөгчийн 59 дэх удаагийн сонгууль арваннэгдүгээр сарын 3-нд болно. Ялагч болохын тулд нэр дэвшигч төлөөлөн сонгогчдын 538 гишүүний 270-ынх нь дэмжлэгийг авах хэрэгтэй. 1937 оноос хойш тогтсон уламжлалын дагуу АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол 2021 оны нэгдүгээр сарын 20-нд болно.