2020-2021 оны хичээлийн жил эхлэх болсонтой холбоотойгоор сургалтын бэлэн байдлыг хангаж, сургууль, цэцэрлэгийн засвар, барилгын ажлуудыг эрчимжүүлж байгааг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэв. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө улсын хэмжээнд 20 сургууль, 34 цэцэрлэг ашиглалтад оруулах гэнэ. Үүнээс дөрвөн сургууль, 23 цэцэрлэгийг нийслэлд барьж байгаа аж. Тухайлбал, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Сонгинохайрхан дүүргийн XXV хороонд 640, XXVI хорооны нутагт 920 хүүхэд сургах хүчин чадалтай сургууль барьж буй гэнэ. Мөн Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын буцалтгүй тусламжаар Чингэлтэй дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт 640 хүүхдийн суудалтай сургууль барьж буй юм байна. Тус байгууллагын тусламжаар нийслэлд дөрвөн сургууль барьж буйн нэг нь энэ аж. Эдгээр нь олон улсын стандартад нийцсэн, эко орчныг бүрдүүлсэн, тусгай хэрэгцээт хүүхдийг тэгш сургах жишиг сургууль болох нь. Чингэлтэй дүүргийн VII хороонд өмнө нь сургууль байгаагүй гэнэ. Тиймээс тус хорооны 925 сурагч Баянгол дүүргийн 46 дугаар сургууль буюу “Сэтгэмж” цогцолборт суралцаж байжээ. Харин ирэх сарын 1-нээс VII хорооны бүх хүүхэд харьяаллын дагуу шинэ сургуульдаа хичээллэж, 46 дугаар сургуулийн ачаалал буурна.
Бэлтгэсэн: Ч.Зул