"Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ковид-19" халдварын үеийн бэлэн байдлыг хангах, түүний тархалтын онцлог, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын тогтолцоог сайжруулах, эмчилгээ оношлогооны орчин үеийн аргууд сэдэвт суралцах зэрэг сургалтуудыг зохион байгуулсан.
Сургалтын хүрээнд сургагч багш нарт 12, дүүргийн ЗДТГ-т ес, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 20, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад 15 зэрэг нийт 56 удаагийн сургалтад 1000 гаруй хүнийг хамрууллаа. Мөн ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр өрхийн эрүүл мэндийн төвөөс гэрийн тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдэд тавьж өгөх хяналтад үнэлгээ хийх, бэлэн байдлыг хангах чиглэлийн дадлага сургалтыг наймдугаар сарын 11-нээс эхлэн явуулж байна.
Түүнчлэн коронавируст халдварын оношлогоо эмчилгээ, халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын чиглэлээр 20 эрүүл мэндийн байгууллагын 18 судлаачийг сургагч багшаар бэлдсэн. Мөн өнөөдрөөс эхлэн нийслэлийн боловсролын газартай хамтран коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх сургалтыг ЕБС, цэцэрлэгийн 800 гаруй удирдах ажилтан, багш, эмч нарт явуулж эхэллээ.
Мөн ЕБС, цэцэрлэгийн 32,000 багш нарыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулах ажлыг есдүгээр сард багтаан хийхээр бэлтгэл ажил хангаж байна. Үзлэг шинжилгээнд оруулах чиглэлээр эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй, төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай уулзалт зохион байгуулж хуваарь гаргасан. Энэ долоо хоногт цэцэрлэгийн хүүхдүүдийн үзлэгийг дуусгаж, багш нарын үзлэгийг эхлүүлэхээр төлөвлөсөн "гэлээ.