Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын ач хүү Лондон хотод нас баржээ. Энэ тухай “РИА Новости” агентлаг мэдээлэв. Урьдчилсан таамаглалаар 29 настай Айсултан Назарбаевын зүрх зогссон байна. Айсултан Назарбаев нь өнгөрсөн хоёрдугаар сард Их Британи улсаас улс төрийн орогнол хүсэж байсан юм. Түүний хэлснээр бол Назарбаевын гэр бүлийн дарамтаас болж уг алхмыг хийхэд хүрсэн бөгөөд дарамт “Казахстаны ард түмнээс хулгайлагдсан олон тэрбум долларын” тухай мэдээлэлтэй холбоотой аж. Жишээ нь тэрбээр "Орос, Казахстаны засгийн газар хоорондын томоохон хэмжээний авилгын тухай дурдсан байдаг. Оросын “Газпромтой” байгуулсан гэрээний хүрээнд " хавсралт компани байдаг бөгөөд тэр компани жилд 1.5 тэрбум долларын ашиг олдог аж. Тэр мөнгө Сингапурт төвлөрдөг бөгөөд Оросын өндөр албан тушаалтнуудын дунд хуваагддаг юм байна. Ерөнхийлөгч асан Назарбаевын охин Дарига (Казахстаны Сенатын дарга) болон түүний хоёр дахь нөхөр Кайрат Шарипбаев нар эл гэрээг хувьдаа авахыг хүсэж, тэрхүү "шуналын асуудалд өөрийг нь хутгалдуулж" байгааг Айсултан Назарбаев дурдсан аж. Хожим нь Казахстаны Мэдээлэл, нийгмийн хөгжлийн сайд Даурен Абаев Айсултан Назарбаевыг хар тамхинд донтсон бөгөөд эмчлүүлж байгаа гэж мэдэгдсэн байдаг. Назарбаевын дурдсан авилгын талаарх сэдвээр тэрбээр ямар нэгэн тайлбар өгөөгүй юм. Айсултан Назарбаев нь Ерөнхийлөгч асан Назарбаевын том охин Дарига болон түүний анхны нөхөр Рахат Алиевын нарын дундаас гарсан хүү байжээ. Түүний эцэг Рахат Алиев нь 2015 онд Вен хотын шоронд өөрийгөө боомилсон шинжтэй олджээ. Тэрбээр “Нурбанкны” ерөнхий менежерийг алсан хэргээр баривчлагдан, шүүхээр орох гэж байсан аж.