НҮБ-ын хүүхдийн сангаас сурагчдын теле хичээлийн үр дүнгийн судалгаа мэдээллийг танилцууллаа. Судалгааг 10 аймаг, гурван дүүргийг хамруулан хоёр сарын туршид явуулсан бөгөөд сурагч, эцэг эх, багш нар оролцсон байна. Судалгаанд хамрагдсан сурагчдын 16 орчим хувь нь теле хичээлийг хангалттай хэмжээнд үзэж судлах боломжгүй байсан байна.
Тэр дундаа малчин айлын хүүхдүүд, нийгэм, эдийн засгийн хувьд эмзэг бүлгийн хүүхдүүд, хичээлээс хоцорсон сурагчид хоцрогдох эрсдэл их байгаа нь ажиглагджээ. Сурагчдын дунд теле хичээл үзэх хамгийн түгээмэл хэрэгсэл нь телевиз, гар утас юм. Тухайлбал, Улаанбаатар хотын сурагчдын 59 хувь нь гар утас ашиглаж байсан бол сумдад энэ үзүүлэлт 77 хувьд хүрчээ.
Нийт сурагчдын зургаан орчим хувь нь телевиз, компьютер, гар утасгүй байгаа нь эдгээр хүүхдүүд теле хичээлийг үзэж сурч чадахгүй байх магадлал өндөр гарчээ. Тус үнэлгээ нь теле хичээлийн чанар танхимаар биечлэн заадаг хичээлийн чанартай харьцуулахад доогуур үзүүлэлттэй байгааг харуулж байна.
Тухайлбал судалгаанд хамрагдсан сурагчдын 36.9 хувь нь телевизээр хичээл заадаг багш нарын чадвар өөрийн ангийнх нь багшийн чадварт хүрэхгүй байгаа юм. Түүнчлэн сурагчдын 57 хувь нь телевизийн хичээлийн хурд болон ойлгомжтой байдлыг "дунд зэрэг" эсвэл "муу" гэж үнэлжээ.
Харин багш нарын илтгэх байдал, хичээл бүрийн зорилгыг танилцуулах байдал нь хамгийн эерэг үнэлгээ авсан боловч судалгаанаас үзэхэд сурагчдын хувьд мэдлэг эзэмших, түүнийгээ дадлагажуулах боломж хязгаарлагдмал байгаа нь харагдаж байна. Сурагчдын бие даан суралцах, өөрийгөө хөгжүүлэхэд түлхэц дэмжлэг болохуйц интерактив, оролцоог хангасан онлайн сургалтын системийг бий болгох шаардлагатай байгааг судалгааны гол зөвлөмжид тусгажээ.
Сургуулийн өмнөх болон суурь боловсролын түвшинд нийцсэн цахим сургалтын портал бий болгох чиглэлээр БСШУЯ-нд дэмжлэг үзүүлэхэд НҮБ-ын хамтарсан хүчин чармайлт чухал болохыг судалгааны үр дүн дахин нотолж байна. Энэхүү санаачилгын хүрээнд теле хичээлийн нэмэлт болгон, насны ангилалд тохирсон, интерактив сургалтын 104 сэдвийг 2020 оны 12-р сар гэхэд боловсруулж дуусах юм байна.
“Теле хичээлийн үр дүнгийн үнэлгээ” судалгааны үр дүнг 2020 оны долоодугаар сарын 9-ний өдөр БСШУЯ болон хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууллага болон ТББ-уудын төлөөлөлд түгээсэн талаар мэдээллээ.