Бейрутэд дэлбэрэлт болсон нь Ливан дахь НҮБ-ын энхийг сахиулагчдын байх хугацааг сунгах асуудлыг тойрсон маргаан түр хойшлогджээ. Гэсэн ч уг асуудлыг энэ сард багтаан шийдэх ёстой аж. АНУ исламын шиитийн “Хезболла” хөдөлгөөнд хатуу хяналт тавиулахын тулд энхийг сахиулагчдын үүрэгт өөрчлөлт оруулахыг шаардаж буй юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн бусад гишүүн Бейрутэд болсон эмгэнэлт хэрэг явдлыг ашиглан Ливанаас шинэчлэл хийхийг шаардаж байна.
Цэнхэр дуулгатнууд 1978 оноос хойш Ливанд байрлаж буй бөгөөд тэд Израил, Ливан хоорондын зааглах шугамын дагуу хяналт тавих үүрэг гүйцэтгэдэг юм. Хамгийн сүүлд 2006 онд буюу Ливан, Израилын хоёрдугаар дайн дууссаны дараа энхийг сахиулагчдын үүрэгт томоохон өөрчлөлт оруулжээ. Тэгэхэд цэнхэр дуулгатнуудын тоо 2000-аас 15 мянга болж, тэнгисийн шуурхай ажиллагааны бүлэгтэй болсон аж. Өдгөө Ливанд энхийг сахиулах бие бүрэлдэхүүнд 45 орны 10 500 цэрэг болон энгийн ажилтан үүрэг гүйцэтгэж байна. Сүүлийн жилүүдэд Ливаны армид тус улсын өмнөд нутгийн байдлыг бүрэн хяналтдаа авахад тусалж буй аж. Эл бүс нутаг тус орон дахь улс төр, цэргийн хамгийн хүчтэй байгууллага болох “Хезболла” бүлэглэлийн хяналтад байдаг юм.
Тэрчлэн энхийг сахиулагчид Ливан, Израилын цэргийнхнийг холбогч болж, гурван талын уулзалт зохион байгуулдаг болжээ. Энэ нь тус хоёр орон дайны байдалтай байгааг харгалзан үзвэл хосгүй механизм. Гэхдээ дайсагнагч талууд энхийг сахиулагчдын ажилд сэтгэл дундуур байдаг аж. Тодруулбал, тэднийг “Хезболла”-гийнхан Израилын талд тагнуул хийдэг гэдэг бол израилчууд энхийг сахиулагчдыг тус бүлэглэлийн эсрэг тэмцдэггүй хэмээн үздэг байна. Үүнтэй холбоотой томоохон дуулиан нэг жил зургаан сарын өмнө болсон юм. Тэгэхэд “Хезболла”-гийн гишүүд Израилын нутаг дэвсгэр лүү нэвтэрдэг хонгил илрэхэд НҮБ-ын хүчний албан ёсны төлөөлөгч Андреа Тененти “Энхийг сахиулагчид хувийн өмчийг шалгах боломжгүй. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн, эсвэл цэнхэр дуулгатнуудын аюулгүй байдалд илэрхий заналхийлсэн тохиолдолд тийм шалгалт хийж болох юм. Ямар ч тохиолдолд шалгалтыг Ливаны армитай хамтран хийх ёстой” гэжээ. Өнгөрсөн тавдугаар сард НҮБ дахь Израилын байнгын төлөөлөгч байсан Дани Данон үг хэлэхдээ энхийг сахиулагчдыг Ливанд чөлөөтэй шилжилт, хөдөлгөөн хийж, бүх объектод нэвтрэх эрхтэй болгохыг шаардана хэмээсэн байна. Үүнийг НҮБ-д АНУ-ын байнгын төлөөлөгч Келли Крафт дэмжиж, тусгай хүчнийхэн ажил үүргээ гүйцэтгэхэд саад болж буй, “Хезболла” хүчээ зузаатгасаар байгааг мэдэгджээ. Тэрбээр энхийг сахиулагчдын гүйцэтгэх үүргийг өргөжүүлэх, эсвэл төсөв, бие бүрэлдэхүүний тоог багасгахыг шаарджээ.