“Covid-19” вирусээс сэргийлэх тухай хуурамч мэдээлэлд итгэсний улмаас гурван сарын дотор 800 гаруй хүн амиа алдаж, 5800 хүн хордож эмнэлэгт хүргэгджээ. Энэ тухай “American Journal of Tropical Medicine and Hygiene” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд дурджээ. Тус сэтгүүлд бичснээр бол нийгмийн сүлжээн дэх хуурамч мэдээлэлд итгэж метанол эсвэл спиртийн суурьтай цэвэрлэгээний бодис хэрэглэсэн хүмүүс нас барсан байна. Мөн их хэмжээний сармис идэж, амин дэм хэт хэрэглэснээс болж олон хүн эрүүл мэндээрээ хоричээ. Тэр байтугай үхрийн шээс ууж хордсон тохиолдлууд олон гарсан байна. “Covid-19”-г тойрсон “infodemic” буюу “мэдээллийн цар тахал” коронавирус шиг хурдан тархаж буй нь олон хүн нас барах, эмнэлэгт хүргэгдэх шалтгаан болж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дүгнэжээ.