Ханхүү Харри болон түүний гэргий Меган Маркл нар Букенгемийн ордноос явсныхаа дараа анх удаа өөрийн гэсэн байшинтай болжээ. Тэд хүү Арчийгаа амар тайван өсгөхийн тулд АНУ-ын Калифорни мужийн Санта-Барбарад нууцаар нэгэн харш худалдаж авсан байна. Сүүлийн хэдэн сар хосууд Холливудын жүжигчин Тайлер Перригийн 18 унтлагын өрөөтэй тансаг харшийг хөлслөн амьдарч байсан аж. Ханхүү эхнэрийн хамт шинэ байшиндаа ороод бараг сар болж байгаа гэнэ.Page Six сэтгүүлийн мэдээлснээр эл харш тэдний анхны өмч бөгөөд нүүж орсон цагаасаа хойш өнөөдрийг хүртэл энэ бүгдийг нууцалж чадсан байна. Хосууд энд л суурьшиж амьдралаа үргэлжлүүлэхээр шийдсэн тухай эх сурвалж ярьсан байна. "Тэд бүгдийг сайтар бодож тунгаасан. Энэ газарт тэд сайн найз нөхөдтэй болж, Арчийдаа үе тэнгийнх нь хүүхдүүдтэй тоглох боломжийг олгож, аз жаргалтай амьдрахаар төлөвлөж байна" гэж эх сурвалж хэлжээ. Ханхүү Харри болон Меган Маркл нар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд хааны гэр бүлийн гишүүний үүргээсээ албан ёсоор татгалзсан юм. Өмнө нь тэд өөрсдийн зэрэг зиндаанд олгогддог санхүүгийн давуу эрхээсээ татгалзсан билээ.