Хуульчийн шалгалтын бүртгэл маргааш буюу наймдугаар сарын 14-ний 12:00 цагт эхэлж, есдүгээр сарын 27-ны хүртэл бүртгэл явагдана. Шалгалтад бүртгүүлэгч нь дараах хоёр шаардлагыг хангаснаар шалгалтад орох эрхтэй болох юм.
Үүнд: Эрх зүйн чиглэлээр гадаад, дотоодын их, дээд сургуульд бакалаврын зэрэг хамгаалсан байх.
Сургууль төгссөнөөс хойш хоёроос доошгүй жилийн хугацаанд мэргэшүүлэх дадлага заавал хийсэн байх ёстой гэсэн шаардлагыг тавьжээ.
Хуульчийн мэргэжлийн шалгалтыг жилд нэг удаа зохион байгуулагддаг. Энэ жилийн шалгалтыг аравдугаар сарын 28-30-нд авахаар болсон байна.
Хуульчийн мэргэжлийн шалгалтад жилд дунджаар 1,300-1,500 хүн цахимаар бүртгүүлдэг. Бүртгүүлэгчдийг шалгалт өгөх шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн шалгаж, тулгадаг тул дээрх хоёр шаардлагыг хангаагүй бол бүртгүүлж, комиссынхны ажилд хүндрэл учруулахгүй байхыг Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны дарга Ш.Нарантуяа онцлон хэллээ.
Хуульчийн мэргэжлийн шалгалтын гол зорилго нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх авахыг хүссэн эрх зүйчдийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалтай мэдлэг чадвар эзэмшсэн эсэхийг тогтоох юм.
Б.Чингүүн