Өчигдөр буюу Лхагва гарагт /2020.08.12 /Лондон хот дахь Беларусийн Элчин сайдын яамны гадаа эсэргүүцлийн жагсаал болжээ. Жагсагчид Беларусийн ард түмэнтэй эв санаа нэг байгаагаа илэрхийлэн, тус улсад болж байгаа хүчирхийллийг таслан зогсоохыг шаардсан байна. Жагсаалд 100 гаруй хүн оролцсон бөгөөд тэд Беларусийн далбаанаас гадна Украины далбааг мандуулж жагсжээ. Уг арга хэмжээгээ зохион байгуулагчид олон нийтийн сүлжээгээр шууд дамжуулсан аж. Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн хөдөлгөөн тус улсаас халин хүрээгээ тэлж байна. Өмнө нь ОХУ-ын Москва хот дахь Беларусийн ЭСЯ-ны гадаа мөн Украины Киев хотод энэ төрлийн арга хэмжээ болсон юм. Наймдугаар сарын 9-нд Беларусьт ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнг зарласны дараа ард иргэд уг үр дүнд итгэхгүй байгаагаа илэрхийлэн гудамжинд гарч жагссан юм. Хууль хүчний байгууллага жагсаалыг тараахын тулд хүч хэрэглэсний улмаас мөргөлдөөн үүссэн аж. Энэ нөхцөл байдал дөрвөн өдөр үргэлжилж байна.