АНУ-ын эрх баригчид Норвегийн нутаг дэвсгэрээс цэргээ гаргахаар шийджээ. Тус бүс нутагт 700 орчим цэрэг байрлуулсныг ОХУ эрс эсэргүүцдэг юм. Гэхдээ Вашингтоныг ийм замаар Ази дахь хүчээ зузаатгахыг эрмэлзэж байна хэмээн Москва түгшсэн гэж хэвлэлүүдэд бичжээ. Сургуулилалт хийх, тэр дундаа Оросын аюулаас хамгаалах бэлтгэл хийхээр АНУ болон НАТО-гийн бусад улс Норвег руу үе үе цэрэг илгээдэг аж.
Норвегт 2017 оноос хойш байнга байрлаж буй 700 орчим цэргээс 20 нь үлдэж, тус улсын нутаг дэвсгэрт хийх НАТО-гийн сургуулилалтад дэмжлэг үзүүлэх гэнэ. Мөн АНУ зэвсэг, техникийнхээ заримыг үлдээнэ гэж “Af-tenposten”, “Barents observer” сонинд бичжээ. Сургуулилалтын үеэр АНУ-ын одоо байгаагаас олон НАТО-гийн цэрэг Норвегт цугладаг гэж БХЯ-наас нь мэдээлсэн байна. Ээлжит сургуулилалт нь ирэх оны нэгдүгээр сард болох гэнэ. Үүнд АНУ болон бусад улсын 1000 гаруй цэрэг оролцох бололтой.
Дэлхийн II дайн дууссанаас хойш 2017 он хүртэл Норвегт гадаадын цэрэг байрлаж байгаагүй аж. 1949 онд НАТО-гийн бүрэлдэхүүнд элсэхээс өмнө Норвег энх цагт газар нутагтаа гадаадын цэргийн бааз байрлуулахгүй байх үүргийг дангаар хүлээсэн байжээ. Энэ нь ЗСБНХУ-тай сөргөлдөхөөс сэргийлэх учиртай байсан гэнэ. Гэвч Украины асуудлын улмаас ОХУ-тай харилцаа муудсан, Умард мөсөн далай дахь Оросын цэргийн ажиллагаа идэвхэжсэний улмаас Норвегийн эрх баригчид АНУ-аас оролцоогоо өргөжүүлэх замаар батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхийг хүссэн аж.
Үүний сацуу Америк, Норвегийн хэвлэлд мэдээлснээр Москва түгшсэнтэй Вашингтоны шийдвэр огт хамаагүй гэнэ. АНУ Европ дахь цэргээ цөөлж, Ази дахийг нэмж, Хятадын өргөжин тэлж буй нөлөөг сөрөх зорилготой. Гэсэн ч сүүлийн жилүүдэд Норвегийн нутаг дэвсгэрт болсон цэргийн сургуулилалт ямар нэг байдлаар Оросоос учирч болзошгүй аюулын эсрэг чиглэжээ. Ийм аюул учирна гэдэгт норвегчууд эргэлздэггүй. Өнгөрсөн онд тус улсад явуулсан судалгаанд оролцсон иргэдийн 67 хувь нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон тус орныг даян дэлхийн энх тайван байдалд аюул учруулна гэж үзсэн аж.