“Исламын улс” бүлэглэлийн “сүйт бүсгүй” гэх эмэгтэйчүүдийн нэгийг Британид нэвтрэхийг зөвшөөрсөн Лондоны шүүхийн шийдвэрийг тус улсын мэдээллийн хэрэгслүүд идэвхтэй судалж, эрх бүхий байгууллагууд тайлбар өгч байна. Тодруулбал, 2015 онд Британиас зугтан гарч, Сирийн нутаг дэвсгэр дэх “Исламын улс” бүлэглэлийн нэг салбарын эгнээнд нэгдэн, тус бүлэглэлийн “сүйт бүсгүй” хэмээн зард гарсан, Бангладешийн цагаач гэр бүлээс гаралтай Шамиме Бигум гэгч бүсгүй шүүхийн шийдвэрийн дагуу Британид эргэн ирж, улмаар тус улсын иргэний харьяаллаа сэргээлгэх боломжтой болжээ.
Түүний нэг адил террорист бүлэглэлийн гишүүн байсан бусад “дүрвэгч” шүүхийн эл шийдвэрийн ачаар Британийн иргэний харьяаллыг нь хүчингүй болгосон гүйцэтгэх засаглалын байгууллагуудаас гаргасан тогтоолыг эсэргүүцэх эрхтэй болж буй тухай Ираны “Re¬salat” сонинд өгүүлсэн байна.
“ИСЛАМЫН УЛС” БҮЛЭГЛЭЛИЙН “СҮЙТ БҮСГҮЙ” ГЭЖ ХЭН БЭ
Шамиме Бигум 2000 онд төрсөн бөгөөд 15 настайдаа Британиас гарч, иргэний дайнд нэрвэгдсэн Сирид очжээ. Ташрамд дурдахад, тус улсын нутаг дэвсгэрийн нэг хэсэг нь террорист “Исламын улс” бүлэглэлийн хяналтад байсан билээ. Сирийн Засгийн газрын цэрэгт ялагдсан, өөрийгөө зарлан тунхагласан “Исламын улс” задран унасны дараа Шамиме дүрвэгсдийн хуарангууд дамжжээ. Тэдгээр хуаранд Сирийн Засгийн газрын эсрэг байлдсан террористуудын гэр бүл байсан аж.
Британийн эрх баригчид, шүүх байгууллагуудын үйл ажиллагааны талаар Ираны “Мизан” агентлаг “Нэгдсэн Вант Улсын Дотоод хэргийн сайд Сажид Жавид үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс тус улсын нутаг дэвсгэрийг орхин гарч, террорист бүлэглэлүүдийн эгнээнд орсон Шамиме Бигум болон бусад хүний Британийн иргэн байх эрхийг цуцлах шийдвэр эхлээд гаргасан. Гэтэл одоо Лондоны нэг шүүх улсын эрх баригчдын уг шийдвэрийг цуцалснаар “Исламын улс”-ын “сүйт бүсгүй” асанд Британийн газар нутагт ирсэн хойноо ДХЯ-ны шийдвэрийг давж заалдах боломж олголоо” хэмээн мэдээлэв.
“Исламын улс”-ын “сүйт бүсгүй” асан “Скайньюс” телевизэд ярилцлага өгөхдөө “Тодорхой хугацаанд тус бүлэглэлийн нэг босогчийн гэрийн эзэгтэй байсан, террорист ажиллагаанд оролцоогүй” хэмээжээ. Тэрчлэн Сирийн хойд нутгийн Ракка мужид очсоноосоо хойш гурван долоо хоногийн дараа нидерланд гаралтай босогч Яко Рижек гэгчтэй гэрлэснээ тэрбээр тодруулсан байна.
Террористуудын хамсаатны Британийн иргэн байх эрхийг хүчингүй болгох тухай тус улсын эрх баригчдын шийдвэр үндэслэлтэй гэдгийг өнгөрсөн хоёрдугаар сард Британийн Цагаачлалын асуудал хариуцсан давж заалдах комисс тайлбарлажээ. Гэсэн ч тус улсын шүүх засаглал ямар нэг шалтгаанаар эл хэрэгт өөрөөр хандсан аж.
Хууль, шударга ёсыг үндэсний аюулгүй байдалтай адил тэгш авч үзэх ёстой. Ийм шалтгаанаар тэр эмэгтэйд хил нэвтрэхийг зөвшөөрөх нь зүйн хэрэг гэж Британийн шүүхийнхэн тодруулжээ. Тэгэхдээ тус улсад ирсэн хойноо Шамиме Бигум зохих хяналтад байх ёстой гэв.
ӨРНӨДИЙНХНИЙ “ХУУРАМЧ НУЛИМС”
Баруун Европын орнуудын мэдээллийн олон агентлаг болон хэвлэл террорист бүлэглэлүүдийн хамсаатнуудыг нутаг буцаахыг зөвтгөн, сурталчлах томоохон кампанит ажил явуулж байна. Тэднийг сайн, муугаар ялгажээ. Тухайлбал, Сири, Ирак дахь хээрийн командлагчид гэгчдийн гэмт хэрэг, хүнлэг бус тушаал, босогчдын шившигтэй үйлдлийн талаар Өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дуугарахгүй байна. Харин Европ руу буцахыг оролдож буй хуучин дүрвэгсдийн эрхийг зөрчиж байгаа тухай болон тэдний иргэний эрхийг хасах талаар эрх баригчдынх нь шийдвэрийг олон улсын хуульд нийцэхгүй, хүний эрхийн зарчмуудтай зөрчилдсөн хэмээн хэт их шүүмжилдэг аж.
“Сирийн дүрвэгсдийн хуаранд байхдаа тэрбээр илүү сайн нөхцөлд өсөж, хөгжихийн тулд Британи руу буцахыг удаа дараа хүсэж, өөрийг нь ойлгон хүлээж авах хүсэлтийг тус улсын эрх баригчдад тавьсан” гэж террористын “сүйт бүсгүй” асныг Германы алдарт “Deutsche welle” агентлаг аль байдгаараа өмгөөлж, зөвтгөсний дараа “дүрвэгч бүсгүйг” улс орноосоо албадан гаргасан тухай материал дэлхийн бусад олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэгджээ.
Европоос хол байсан, гэмт үйлдэл гаргасан, хийсэн алхамдаа гэмшсэн, эсэх нь хамаагүй террористууд ямар ч хэргээ өршөөхийг хүсэх эрхтэй, урьд нь харьяалагдаж байсан Европын улсдаа очиж, иргэний эрхээ сэргээлгэн, үргэлжлүүлэн амьдрахыг Шамиме Бигумын талаарх Лондоны шүүхийн шийдвэрт тодорхой тусгажээ. Мөн уг баримт бичигт зааснаар тэд урьд хийсэн хэргийнхээ төлөө ямар ч хариуцлага хүлээхгүй аж. Гэмт хэрэг үйлдсэн ч олон үндэстнийг нэгтгэсэн, хүлээцтэй, хүний эрхийг дээдэлдэг Европын соёл иргэншил хэзээд тэднийг хамгаална гэсэн итгэл найдвар төрүүлэх аж. Шамиме Бигумын асуудал нь террористууд, тэдний хамсаатнуудад найр тавихад Өрнөдийн орнууд бэлэн гэдгийн тод жишээ болохыг Европын шүүх байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дурджээ.
ХЭЗЭЭД “ИСЛАМЫН УЛС”-ЫН ТАЛД БАЙНА
Шамиме Бигум урьд хийсэн үйлдлүүддээ жаахан ч гэсэн гэмших нь бүү хэл өөрийгөө ил тод зөвтгөсөөр байх магадлалтай нь асуудлын бас нэг чухал хэсэг юм. Тодруулбал, тэрбээр гэм зэмгүй хүмүүсийг хороох, тэдний эсрэг чиглэсэн гэмт хэрэгт оролцдог босогчийн гэр бүл байснаа нэр төрийн хэрэг, шударга ёсны төлөө тэмцэж явсан мэтээр үзэж байна. Британийн үндэсний өдөр тутмын “Times” сонинд ярилцлага өгөхдөө тэрбээр таван жилийн өмнө Сирид байсан учраас урьдын үйлдэлдээ гэмших бодолгүй байгаагаа ил тод мэдэгджээ.
Одоо ч террорист бүлэглэлийн бүрэлдэхүүнд байгаа нидерланд нөхрөө урьдын адил хайрладгаа Шамиме онцлон тэмдэглэсэн аж. Хагас жилийн өмнө Британид буцаж очих гэсэн түүний хүсэлтийн хариуд ДХЯ нь иргэний харьяаллыг хүчингүй болгосноо нотлоход тус улс болон Европын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр томоохон дуулиан дэгдсэн гэнэ. Тэдгээрийн зарим нь хүний иргэний харьяаллыг цуцлахыг хүлээн зөвшөөрөмгүй үйлдэл хэмээн мэдэгджээ. Гэсэн хэрнээ хэвлэлүүд Ойрхи Дорнодод гэм зэмгүй олон сая хүн тухайлбал, түүний нөхрийн буруугаас иргэний эрхээ бус, амь насаа алдаж буйг огт дурсахгүй, хэвийн зүйл мэт үзэж байна.
ТЕРРОРИСТУУДАД ЗОРИУЛСАН ӨРНӨДИЙН “ЦУСТ ЗАМ”
Шамиме Бигумын хэргийн талаарх Британийн аюулаас хамгаалах болон шүүх байгууллагуудын ойлголт, тэрчлэн террористын гэр бүлийн иргэний эрхийг сэргээх нөхцөл бүрдүүлж байхад тэрбээр “Исламын улс” бүлэглэлийн террористын хамт байснаа нэр төрийн хэрэг хэмээн үзэж буй нь Өрнөдөд терроризм гэдэг ойлголтыг өөрт ашигтайгаар авч үздэг, үүнийг ашиг сонирхлынхоо төлөө бий болгодгийн жишээ юм.
Ойрхи Дорнод дахь исламын шашинтнуудын олон дайчны амь насыг золин байж Ирак, Сирийн нутаг дэвсгэрт “Исламын улс” бүлэглэл хүнд ялагдал хүлээж, сүйрсний дараа харьяатаар хүлээсэн авсан улсаа орхин гарч, террорист болж, хүнд гэмт хэрэг, халдлагуудад оролцож, гэмгүй хүмүүсийг хөнөөсөн этгээдүүдэд найр тавихыг Өрнөдийн орнууд оролдож байна.
Яагаад? Ойрхи Дорнодод олон жил оршсон терроризм Өрнөдийн орнууд, тэдгээрийн оршин суугчдад аюултай биш гэж үү? Өрнөдийн орнуудын төрийн эрхэд буй улс төрийн хүчнүүд гэмт этгээдүүдийн талаар түгшихгүй байгаагийнхаа адил иргэдийнхээ хувь заяанд санаа тавихгүй байна. Тэд нефтийн орд газарт хүрэх, хөрөнгөө арвижуулах боломжийн талаар л бодож буй. Америкийн болон Европын нөлөө бүхий олон хүнд “Исламын улс” төслийг цаашид үргэлжлүүлэх нь амин чухал.
Вашингтон, Лондон болон Европын бусад оронд тэд “Исламын улс”-ыг зорилгодоо ашигласаар байна. Яагаад гэвэл тэдэнд тус бүлэглэлтэй тэмцэх гэсэн асуудал огт байдаггүй. Үүнтэй холбоотойгоор АНУ, Британи, тэдгээрийн холбоотнууд, тухайлбал, Саудын Арабын Засгийн газрын Ойрхи Дорнодын өнөөгийн асуудлаарх байр сууринд маш нарийн дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Террористыг бус, түүний хамсаатны эрх ашгийг хамгаалахад чиглэсэн, Британийн шүүх засаглалын саяхны үйлдэл “Исламын улс”-тай холбоотойг нь няцаагаагүй төдийгүй санамсаргүй ганц тохиолдол ч биш гэдгийг харууллаа.
Эл үйлдлээрээ Британийн болон түүний ард буй Европын түшмэд Ойрхи Дорнодын террористууд, хэт давруу үзэлтнүүдэд цаашид ч тонон дээрэмдэж, хүний амь хөнөөн, террорист халдлага үйлдэж, хүмүүс барьцаалж болохыг зөвшөөрлөө. Түүгээр зогсохгүй энэ бүхний төлөө ямар ч шийтгэл хүлээхгүй, Өрнөдийн орнуудын Засгийн газар, шүүх байгууллагууд хэзээд тэдний талд байхыг уламжилжээ.