УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо болон Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран "Боловсролын салбар дахь цахим шилжилт" хэлэлцүүлэгийг Төрийн ордонд зохион байгуулж байна.
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ "Цахимаар боловсрол олгох нь цоо шинэ зүйл биш. Харин монголчууд бидэнд шинэ тутамд тулгарч буй сорилт юм. Өнгөрсөн хавар теле хичээл оруулахад эцэг, эхчүүд байнга дэргэд нь байж, зааж зөвлөх боломжгүй байгаа нь нэг дутагдал байв. Тиймээс эцэг, эхчүүдэд зориулсан гарын авлага гаргах шаардлагатай гэж үзэж байна" гэлээ.
БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн хэлэхдээ "Дэлхий даяар улс орнууд хичээл сургалтын үйл ажиллагаагаа олон хэлбэрээр нээхээр төлөвлөж байна. Манай улс есдүгээр сарын 1-нээс хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна. Цар тахлын онцгой нөхцөлд боловсролын сургалтыг хэрхэн цахим хэлбэрт шилжүүлэх вэ гэдгийг ярилцахаараа өнөөдрийн хэлэлцүүлэг онцлог юм.
Бага дунд боловсролд нэгдсэн палтформ байхгүйн улмаас бэрхшээл хүндрэл гарсан. Гэхдээ энэ нь чанарт нөлөөлөөгүй.
Бүх сургуулиудаа цахимд холбосон ч хурд муу байгаа нь ажиглагдсан. Цаашид сургуулийн орчинд интернетийн чанар, хурдыг сайжруулах шаардлага бий. Хоосон хана хараад хичээл заах нь багш нарт хүнд байсан ч тэд маань богино хугацаанд хөрвөж, камертай ажиллаж сурлаа. Цаашид багш бэлтгэх хөтөлбөрт цахимаар хичээлээ заах агуулгыг оруулах нь зүйтэй гэж үзсэн.
Дээд боловсролын салбарт нь нэгдсэн платформ байхгүй тул сургууль бүр өөрсдийн дотоод сүлжээнд суурилан хичээл сургалтын үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Цахим бодлого, сургалт, эрх зүйн нээлттэй орчин байхгүй. Гэхдээ хориглоогүй. Тиймээс эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай гэж үзсэн.
Цахим шилжилтээр олон улсын жишигт нийцсэн онлайн хичээл, контентийг боловсруулж, ашиглах шаардлагатай байна. Түүнчлэн онлайн сургалтаар иргэдийг насан туршдаа суралцахыг дэмжих хэрэгтэй байна.
Цахим боловсролын үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх, оролцогчдын хамт ажиллагааг өргөтгөх шаардлагатай нь судалгааны явцад ажиглагдлаа. Хэдийгээр сургуулиудад мэдээллийн технологийн анги танхимууд бий ч энэ технологийн хөгжлийн хурдыг гүйцэхгүй байна" гэж хэлэв.