Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ливаны нийслэл Бейрут хотод олон зуун хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болов. Жагсагчид энэ наймдугаар сарын 4-нд болсон аймшигт дэлбэрэлтэд эрх баригчдыг буруутган Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдыг огцрохыг шаарджээ. Эсэргүүцэгчид болон хууль хүчнийхний хооронд мөргөлдөөн үүсэж жагсаал эмх замбараагүй байдал болж өрнөсөн байна. Мөргөлдөөний үеэр хоёр тадаас 720 орчим хүн бэртэж гэмтжээ. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр эсэргүүцлийн уур амьсгалыг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны айлчлал өдөөсөн ажээ. Олон хүн түүнийг гудамжинд угтаж, тусламж хүсэж, зарим жагсагчид авлига, улс төрийн тогтоолцоог эсэргүүцсэн лоозон хашгирч байсан гэнэ. Түүнчлэн 56 мянга гаруй хүн ирэх 10 жилийн хугацаанд Ливаныг Францын бүрэн эрхийн хүрээнд буцааж шилжүүлэхийг хүссэн өргөдөлд гарын үсэг зурсан тухай BBC агентлаг мэдээлжээ. “Ливаны эрх баригчид тус улсыг удирдаж аюулгүй байдлыг нь бүрэн хангах чадваргүй гэдгээ тодорхой харууллаа. Үр ашиггүй тогтолцоо, авлига, хээль хахууль, терроризмоор тус улс сүүлчин амьгалаа авлаа” гэж тус баримт бичигт дүрджээ. Ливан улс нь 1920-1946 онд Францын мэдэлд байсан бөгөөд тухайн үед Их Ливан хэмээн нэрлэгддэг байсан аж. Наймдугаар сарын дөрөвний өдөр Бейрут хотын боомт дээр тэсрэх бодис дэлбэрсний улмаас тус хотын барилга байгууламжийн тал орчим хувь нь сүйтгэгдэн, 157 хүн амиа алдаж, 4 мянга гаруй хүн шархадсан харамсалтай хэрэг гарсан юм.