Өчигдөр буюу Ням гарагт /2020.08.09/ Беларусийн Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрөв. Урьдчилсан дүнгээр тус улсын одоогийн Ерөнхийлөгч Александр Лукашенко 79,6 хувийн саналаар ялж зургаа дахь удаагаа сонгогджээ. Беларусийн ард иргэд сонгуулийн дүнд итгэхгүй байгаагаа илэрхийлэн хэд хэдэн хотуудад эсэргүүцлийн жагсаал хийсэн байна. Тухайлбал нийслэл Минск хотод эсэргүүцлийн жагсаал нэлээн хүчтэй өрнөсөн бөгөөд цагдаа нар жагсагчдыг тараахын тулд зөвшөөрөлгүйгээр усан буу, нулимс асгаруулагч хий ашигласан бөгөөд үүний улмаас хүн бэртэж гэмтжээ. Минск хотын жагсагчдаас гадна хүчнийхэн Витебск, Брест хотод хэв журам зөрчигчдийг саатуулсан байна. Мөн сонгуулийн дүнг эсэргүүцсэн жолооч нар автомашинтай цуваа үүсгэн явсан байна. Ням гаригийн 21:30 цаг орчимд Беларусийн томоохон сайтуудын үйл ажиллагаа доголдсоны дээр 2020 оны сонгуульд зориулсан сайт зэрэг төрийн байгууллагуудын цахим хуудас ажиллахаа больжээ. Өнөө өглөөний байдлаар "хууль бус олон нийтийн арга хэмжээнүүдийн нөхцөл байдлыг хяналтдаа авсан" тухай Беларусийн Дотоод хэргийн яам мэдээлсэн байна. Гэсэн ч Минскийн зарим дүүрэг болон бусад хотуудад жагсагчид цадаагийнхантай мөргөлдсөн хэвээр байгаа талаар Вести агентлаг дамжууллаа