Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2020 оны төсвийн тодотголын талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлэхдээ цахим шилжилтэд зориулж багагүй мөнгө төсөвлөж буй гэв. Коронавирусийн халдвараас шалтгаалж цахимаар ажиллах, суралцах, худалдан авалт хийх, ажил хэргээ явуулах, хурал зохион байгуулах, төрийн үйлчилгээгээ хүргэх шаардлага тулгарсантай холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар “Ковид-19”-ийн үеэр хэрэгжүүлэх 10 арга хэмжээний нэгээр мөн л энэ талбарыг нэрлэсэн билээ. Түүнчлэн эрх баригч МАН мөрийн хөтөлбөрийнхөө “Цахим Монгол-хүнд сурталгүй төрийн үйлчилгээ” гэсэн бүлэгт “Төрийн байгууллагад байгаа мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжээс шаарддаг байдлыг зогсоож, цахимжуулан, “Нэг иргэн-нэг бүртгэл” хөтөлбөр хэрэгжүүлнэ, цахим гааль, татвар, шүүх, газрын харилцаа, эрүүл мэнд, боловсрол зэрэг үйлчилгээг нэвтрүүлж, авлига, хүнд суртлыг үгүй хийнэ” гэх мэт олон санаачилгыг дурджээ.
Мөн УИХ-ын анхдугаар чуулганы үеэр Инновац, цахим бодлогын байнгын хороог шинээр байгуулж, даргаар нь гишүүн Н.Учралыг томилсон юм. Тэгвэл эрх баригч намын мөрийн хөтөлбөрт тусгасан, Засгийн газрын ирэх дөрвөн жилд хийх ажлын нэг болох цахим шилжилтийн хувьд энэ удаа ямар ахиц гарах бол гэж асуух нь зүйн хэрэг. Төрийн цахим харилцааны тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар батлуулах ажлыг өмнөх буюу Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан ч хийж амжаагүй аж. Тодруулбал, уг хуулийн төслийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар (ХХМТГ)-ынхан боловсруулж, өнгөрсөн дөрөвдүгээр сард иргэдээс санал авсан юм. Үүнийг ирэх намрын чуулганаар хэлэлцэх бололтой. Дөрвөн бүлэг, 23 зүйлтэйгээр боловсруулсан уг хуулийн төсөлд төрийн мэдээллийн сан бүрдүүлэх, түүнийг хэрхэн ашиглах, цахим архив үүсгэх, цахим үйлчилгээ авах хүсэлт гаргасан иргэнийг таних, баталгаажуулах, албаны цахим шуудангийн болон олон нийтийн оролцооны систем бүрдүүлэх зэрэг онцлог заалтыг багтаасан байна.
Түүнчлэн дээрх хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагын судалгааны тайланд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн хүрээнд мэдээлэл, мэдээллийн санд хэрхэн хандах, ашиглах, солилцох, нээлттэй болгохтой холбоотой харилцаа болон хэрэгжүүлэх арга зам бүхий зохицуулалт байхгүй, тиймээс энэ талбарын хууль, эрх зүйн орчин дутагдалтай байна гэж дурджээ. Манай улс “Цахим Монгол” үндэсний хөтөлбөрийг 2005-2012, Бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөрийг 2008-2012, “Цахим засаг” үндэсний хөтөлбөрийг 2012-2016 онд хэрэгжүүлсэн байна. Эхний хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсын интернэтийн гадаад гарцын багтаамж, шилэн кабелийн урт нэмэгдсэн бол дараагийнхыг нь хэрэгжүүлснээр Үндэсний дата төвийг байгуулж, цахим иргэний үнэмлэх олгожээ. “Цахим засаг” хөтөлбөрийн үр дүнд ч төрийн үйлчилгээг ТҮЦ машинаар дамжуулан иргэдэд хүргэж, шилэн данс хөтлүүлэх зэрэг ажлыг хийсэн аж. Харин 2019 онд “Цахим эрин дэх Монгол Улс” төсөл хэрэгжүүлж, зургаан зөвлөмж боловсруулсан байна. Мөн “E Mongolia” төслийг үүний үргэлжлэл болгон хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг нэг цонхноос авах нэгдсэн платформ бүрдүүлээд байгаа юм. Энэ ажлын үр дүнг ирэх аравдугаар сард танилцуулахыг ХХМТГ-ын ажилтан нь хэлсэн. Юутай ч төсвийн тодотголд хөрөнгө нь туссан, зохицуулах хуулийн төслийг нь удахгүй хэлэлцэх гэж байгаа, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ч зохих байраа эзлэх төдийгүй одоогийн хорио цээрийн дэглэм хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй нөхцөлд цахим шилжилт хийх нь чухал алхам байж мэднэ.