Энэ сарын 2 болон 4-ний өдрүүдэд Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай Спратли арлууд орчимд БНХАУ Тэнгисийн цэргийн болон нисэх хүчнийг оролцуулсан сургуулилалт явуулсныг Вьетнам улс эрс эсэргүүцжээ. Энэ тухай тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэл мэдээллийн албаны дарга Ле Ти Ту Ханг мэдэгдсэн байна. “Эдгээр сургуулилалтыг Вьетнам эрс эсэргүүцэж байна. Иймерхүү үйлдэл нь Өмнөд Хятадын тэнгис дэх энх тайван, тогтвортой, аюулгүй байдлыг хангахад тус болохгүй” хэмээн тэрбээр мэдэгджээ. Спратли арлууд болон Параселийн арлууд нь Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай хэсгийн нэг бөгөөд Вьетнам БНХАУ, Малайз, Тайвань, Филиппин улс оролцдог юм. Уг бүс нь Энэтхэгийн болон Номхон далайн тэнгисийн маршрутын уулзвар дээрх стратегийн байршил болоод зогсохгүй газрын тос, түүхий эдийн ихээхэн нөөц баялагтай аж.