Америкийн атомын бөмбөгдөлтийн уршгаар 75 жилийн өмнө амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ёслол Японы Хирошима хотын төвд орших Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд болов. Энэ үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ үг хэлэхдээ цөмийн зэвсгээс татгалзахыг дэлхий дахинд уриалжээ. “Олон улсын хамтын нийгэмлэг нэг зорилгод хүрч, цөмийн зэвсэггүй энх тайвныг бүтээхийн төлөө хамтдаа урагшлах ёстой. Хирошима, Нагасаки хотын оршин суугчдад тохиосон эмгэнэлт явдал дахин давтагдах ёсгүй” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.
Цар тахлын улмаас эл арга хэмжээ хязгаарлагдмал хүрээнд болов. Япончууд уламжлалын дагуу 1945 оны наймдугаар сарын 6-нд Хирошима хотод атомын бөмбөг хаясан 08.15 цагт нэг минут дуугаа хураан амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэлээ. Үүнд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Хирошима хотын дарга Казуми Мацуи, хэд хэдэн сайд, өндөр албан тушаалтнууд оролцжээ.
Хирошима хотын дарга Казуми Мацуи үг хэлэхдээ 2017 онд баталсан Цөмийн зэвсгийг хориглох тухай НҮБ-ын конвенцыг батлахыг Японы Засгийн газарт уриаллаа.