“Ковид-19”-ийн улмаас 1.6 тэрбум хүүхэд сургууль, цэцэрлэггүй болсныг ДЭМБ мэдээлсэн. Манай улс удаан хугацаанд тасалдсан боловсролын байгууллагуудынхаа үйл ажиллагааг үе шаттай эхлүүлэхээр бэлтгэж байна. Эхний ээлжид 2020-2021 оны хичээлийн шинэ жилийг сургууль, цэцэрлэгийнхээр нээж буй. Энэ хэцүү цаг үед сурагчдыг, ялангуяа бага ангийнхан болон цэцэрлэгийн хүүхдүүдийг халдвараас сэргийлэхэд томчуудын оролцоо нэн чухал. НҮБ-ын Хүүхдийн сангийнхны зөвлөснөөр, “Ус, ариун цэвэр, эрүүл ахуйн дэвшлийн төв” ТББ, “Улаанбаатар принт” компанийнхан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гар угаах заавар, дарааллыг харуулсан зурагт хуудас бүтээж, сурагчийн дэвтрийн хавтсанд давхар хэвлэжээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан энэхүү зурагт хуудсыг бага насныхны сонирхол, хэрэгцээнд илүүтэй нийцүүлж, дөрвөн өөр өнгөөр хэвлэж байгаа аж.
Бэлтгэсэн: О.Бат